АНУ-ын Сенат эдийн засагт дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим коронавирусний цар тахлын улмаас хохирол амсаж буй аж үйлдвэрүүд, ажилтнуудад дэмжлэг үзүүлэх хоёр их наяд ам.долларын хуулийн төслийг баталжээ. Мөн нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг худалдан авахад олон тэрбум ам.долларыг зориулна гэж тусгажээ.
Сенатын танхимын гишүүдийн хэлэлцүүлэг ширүүхэн өрнөсөн хэдий ч 96-0 саналаар уг хуулийн төслийг баталж, Төлөөлөгчдийн танхим руу илгээсэн бөгөөд тэд баасан гарагт санал хураалт явуулна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг хуулийн төслийг ширээн дээрээ ирсэн даруйд гарын үсэг зурна гэж лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
АНУ-ын түүхэнд
Конгрессоор батлагдах хамгийн том санхүүгийн багц болох уг баримт бичигт
халдварын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж үйлдвэрүүдэд 500 тэрбум ам.долларын
тусламж үзүүлэхээр тусгасан бөгөөд жижиг бизнесийн зээлд 350 тэрбум ам.доллар, ажилгүйдлийн
тусламжид 250 тэрбум ам.доллар, эмнэлгүүд болон эрүүл мэндийн тогтолцоонд 100
тэрбум ам.доллар зарцуулах ажээ.