ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг Казахстан улс дэвшүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-19 09:44:14

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 19/KAZINFORM/. Москва хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхий сайд Олжас Бектенов оролцож үг хэллээ.


Өнөөдөр ШХАБ-ын орнууд дэлхийн ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлж байгаагаас гадна тус байгууллагын хүрээн дэх худалдааны хэмжээ 1 их наяд долларт дөхөж буйг тэрбээр онцлон тэмдэглэв. Эдийн засгийн ихээхэн чадавх бүхий ШХАБ цаашдаа эрх тэгш түншлэлийн зарчимд үндэслэн бүх талаар тэлэн хөгжих чиг баримтлалаа үргэлжлүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэн хэллээ. 


Худалдааг хөгжүүлэхийн тулд одоо байгаа нөөц боломжийг оновчтойгоор ашиглах нь зүйтэй бөгөөд үүнд чиглэсэн чухал алхам бол ШХАБ-ын Хөгжлийн банкийг байгуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн дагалдах механизмыг бий болгох хявдал мөн гэдгийг Бектенов онцлон тэмдэглэлээ.


Мөн 2026 онд Астана хотноо Хиймэл оюун ухааны асуудлаарх ШХАБ-ын шинжээчдийн анхдугаар хурал болно гэдгийг Ерөнхий сайд дурдав.


Түүнээс гадна, тус байгууллагын хүрээнд Усны нөөцийн асуудлыг судлах төв байгуулах саналыг Казахстан улс дэвшүүлсний сацуу оролцогч орнуудын эрх ашгийн үүднээс тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий Олон улсын санхүүгийн “Астана” төвийн дэд бүтцийг ажиллуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.  


ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан бол эдгээр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх, худалдаа-хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн нийтлэг арга замуудыг боловсруулах гол талбар юм.

 

Связанные новости