Ч.Бэгз: Малчид малын тоо толгойд бус, чанарт анхаарах цаг ирээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын Ендэрт багийн малчин Чойдоны Бэгз энэ жил аймгийн аварга малчин болсон. Тэрбээр Хар усны нүцгэн тохой гэх газарт хаваржиж малаа төллүүлж байна.
-Та сайхан хаваржиж байна уу. Мал сүрэг тань хэр төллөж
байна?
-Сайхан хаваржиж байна. Манайх 600 гаруй толгой малтай
бөгөөд үүнээс 200 гаруй нь төллөж байгаа. Энэ жил манай суманд дулаахан, цас
багатай байсан болохоор мал төллөлт хэвийн, төл бүрэн бойжиж байна.
Миний хувьд эцэг өвгөдийнхөө буурь бууцыг өвлөж, мал сүргээ адгуулан маллаж өдий
хүрлээ. Эхнэрийг маань Лувсаны Туяа гэдэг. Бид хоёр 1992 онд гэр бүл болсноос
хойш 30 гаруй жил мал маллан амьдарч байна. Ам бүл зургуулаа бөгөөд гурван хүү,
ганц охинтой.
-Таныг Тэс сумын хамгийн олон хүүхэдтэй айлын хүү гэж
сонссон. Ах дүү хэдүүлээ вэ?
-Ах дүү 18-уулаа бөгөөд би айлын 5 дахь хүүхэд. Доороо 12
дүүтэй. Манайх Тэс сумын хамгийн олон буюу 18 хүүхэдтэй айл. Нийтдээ 11 залуу,
6 охин байгаа. Аав ээж хоёр маань хоёулаа амьд сэрүүн байгаа. Аав 76, ээж 74
настай. Аавыг маань Ц.Чойдон, ээжийг минь Г.Сүнзмаа гэдэг. Ах дүү нараас минь
хоёр эгч төв суурин газар ажиллаж амьдарч яваа. Нэг ах маань Улаангомд барилгын
чиглэлээр, нэг дүү станцад ажилладаг. Охин дүү нараас нэг нь багш, нэг нь сувилагч
хийж байгаа. Бусад нь хөдөө мал маллаж байна.
-Таныг морь уядаг гэсэн. Ямар амжилтууд гаргав?
-Тэс сумынхаа наадмаас 8 айраг авсны 4 түрүү нь байгаа. Сумынхаа
80 жилийн ойгоор 4 морь айрагдуулж байсан. Даага голдуу л түрүүлж байлаа.
-Сүүлчийн мөчийг танд үлдээе?
-Сүүлийн жилүүдэд манай нутагт малын бэлчээр хүрэлцэхгүй болсон.
Мал сүрэг өсөхдөө хүрвэл ядах юм байхгүй өсчихнө. Хамгийн гол нь байгаль дэлхий
маань хэцүүдэж байна. Манай гэр бүлийн хувьд 600 малын ашиг шим хангалттай
хүрэлцэж байна. Ноос ноолуурын үеэр заримдаа 10 сая төгрөг нэг дор ороод орох
үе ч бий. Иймээс малчид маань тоо толгойд бус, чанарт анхаарах цаг ирээд байна.
-Танд баярлалаа.