“Биеийн тамир, Спорт-Олимпизм-Хөгжил-Ковид 19” сэдэвт цахим хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-20 14:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-иас хамтран “Биеийн тамир, Спорт-Олимпизм-Хөгжил-Ковид 19” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн цахим бага хурлыг зарлаж байна. 


Тус бага хурал нь “COVID-19” цар тахлын үеийн болон түүний дараах үеийн нөхцөл байдалд  биеийн тамир, спорт ба олимпын хөдөлгөөнд тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд болон “Токио-2020” олимпын наадамд бэлтгэх сургалт-дасгалжуулалтын онол, арга зүй, технологийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгох зорилготой юм. 


Хүн төрөлхтөний соёлын бүрэлдэхүүн хэсэг болсон биеийн тамир, спорт, олимпын хөдөлгөөний үүрэг, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Ялангуяа шинэ төрлийн коронавирусний цар тахлын гамшиг, хор хөнөөл хүчтэй мэдрэгдэж байгаа өнөө үед иргэдийн бие бялдрын хүмүүжил, их спорт, олимпын боловсролын асуудлыг шинэ өнцгөөс харах, тэдний нөлөө, ач холбогдлыг нь бүрэн хэмжээгээр ойлгон ухамсарлах шаардлагатай болж байгаа юм.


Коронавирусний цар тахлын дараах хүн төрөлхтөний ерөнхий төлөв байдал, сэтгэлгээний шинэчлэл, улс  орнуудын болон хувь хүмүүсийн хоорондын  харилцаа, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, биеийн тамир, спорт, олимпизмын салбарт цоо шинэ өнгө төрх, агуулга, үйл ажиллагааны  хэлбэрүүдийн  өөрчлөлтүүд биднийг хүлээж байна. Биеийн тамир, спорт болон олимпизмын хөдөлгөөнд хүлээгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн тэргүүн эгнээнд эрдэмтэн, судлаачид, багш, дасгалжуулагч нар манлайлан явах ёстой билээ.


Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн  коронавирусний цар тахал нь 2,4 сая гаруй хүнд халдварлаад байна. “Covid-19” цар тахлын улмаас дэлхийн 200 оронд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогсож, 1,5 тэрбум гаруй хүүхэд залуучууд хичээл, сургалтанд хамрагдаж чадахгүй байна. Олон зуун сая  хүн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх боломжгүй болсон бөгөөд “Токио-2020” олимпын наадам хойшилж, олон арван дэлхий, тивийн уралдаан, тэмцээн зохион байгуулагдах боломжгүй болоод байна.


Энэ байдлаас үүдэн спортын менежмент, маркетинг, тамирчдын сургалт-дасгалжуулалтын үйл явцад олон талын хохирол, сөрөг үр дагавар гарч байна. Энэ нь биеийн тамир, спорт ба олимпизмын  хөдөлгөөний эрч хүчийг бууруулж,  ихээхэн хор уршиг учруулах магадлалтай болж байна.


Дээрх байдлыг харгалзан МҮОХ, МҮОА-иас хамтран “Биеийн тамир, Спорт-Олимпизм-Хөгжил-Ковид 19” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлын илтгэлүүдийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 2020 оны 5 дугаар  сарын 20 хүртэлх хугацаанд хүлээн авах юм. Шалгарсан илтгэлүүдийг тус хурлаар хэлэлцүүлэх бөгөөд шилдэг илтгэлүүдийг байр эзлүүлж, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.


Связанные новости