Улсын наадамд 7-гийн даваанд тунаж, давсан бөх машинтай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ойн Их баяр наадмын долоогийн даваанд тунаж давсан бөхөд "Suzuki Jimny" авто машин бэлэглэх болсноо Бридж групп мэдэгдэв.
Тус группийн үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн санаачилгаар ийнхүү автомашин бэлэглэх Батламж бичигт тус группийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Дэд тэргүүн Ц.Магалжав нар гарын үсэг зурсан байна.
Ташрамд дуулгахад, МҮБХ-ны
"Алтан түнш" байгууллагуудын нэг Бридж групп нь "Баянзүрх
хайрханы хишиг" барилдааныг 2007 оноос хойш жил бүр уламжлал болгон ивээн
тэтгэж, хамтран зохион байгуулж байгаа билээ.