О.Өлзийхишигжаргал шатрын онлайн нээлттэй тэмцээнд III байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-15 13:32:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэй шатарчдын онлайн нээлттэй “Djerba” тэмцээн 6 дугаар сарын 14-нд болж, тус тэмцээний дэлхийн хэсэгт Олон улсын мастер /ОУМ/ О.Өлзийхишигжаргал 3 дугаар байр эзэлж, 150 ам.долларын эзэн болжээ.


Араб, Африкийн орнуудын эмэгтэйчүүдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Djerba" онлайн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас Их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Мөнхзул, ОУМ О.Өлзийхишигжаргал, Мастер Д.Мөнхзул, Н.Энхболор, Б.Удвал, Д.Өнөрзул, Х.Есүгэн, М.Пагамдулам нарын шатарчин оюун ухаанаа уралдуулсан байна. Нийт 2000 ам.долларын шагналын сантай, швейцарь системээр 17 өрөг, цагийн хяналт талдаа 3+0 цагаар тогложээ.


"Djerba" эмэгтэйчүүдийн онлайн нээлттэй шатрын тэмцээн нь дэлхий, африк, араб гэсэн гурван бүст хуваагдан явагдсан байна. Дэлхийн бүст ялагчаар Азербайжан улсын Их мастер Зейнаб Мамедъярова тодорсон бол Африкийн бүст Египет улсын шатарчин Алаа Элгамал, Арабын бүст Египетийн Их мастер Шахенда Вафа нар тус тус тэргүүллээ хэмээн Монголын шатрын холбооноос мэдээлэв.

Связанные новости