ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ. /BBC/.
Европын Холбооны /ЕХ/ удирдагчид шинэ коронавирусний
халдвараас үүдэлтэй хямралын дараа эдийн засгаа сэргээх томоохон багцын талаар
дөрвөн өдрийн турш хэлэлцсэний дүнд тохиролцоонд хүрчээ.
Үүний дагуу ЕХ-ны
27 гишүүн оронд цар тахлын үр дагавартай тэмцэхэд 750 тэрбум евро буюу 859
тэрбум ам.долларыг тэтгэмж, зээлийн шугамаар олгохоор болжээ. Францын Ерөнхийлөгч
“түүхэн өдөр” боллоо хэмээн энэхүү үйл явдлыг тодорхойлсон байна.
Бельгийн нийслэл
Брюссель хотноо өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн өглөө эхэлсэн дээд хэмжээний уулзалтыг хоёр өдөр
үргэлжлэхээр товлоод байсан боловч сунжирсаар дөрвөн өдрийн турш үргэлжилсэн нь
энэ юм.
Гишүүн орнууд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн орнуудын талаар хийгээд төлөвлөгөөний зардлын талаар голчлон санал зөрөлдсөн байна. ЕХ түүхэнд байгаагүй хамгийн их хэмжээний зээлийг баталж буй нь энэ ажээ. Дээд хэмжээний уулзалтыг даргалагч Шарль Мишель, Европын хувьд маш чухал үйл явдал боллоо гэж мэдэгдсэн байна.
Тохиролцооны
дагуу цар тахалд хамгийн их нэрвэгдсэн гишүүн орнуудад 390 тэрбум еврогийн
тэтгэмж олгох бөгөөд үүнд Итали, Испани зэрэг орнууд багтах төлөвтэй байна. Мөн 360 тэрбум еврогийн
бага хүүтэй зээлийг гишүүн орнуудад санал болгох ажээ.
90 гаруй цаг
үргэлжилсэн энэхүү дээд хэмжээний уулзалт нь 2000 онд Францын Ницца хотноо
болсон таван өдрийн уулзалтаас хойших хамгийн удаан өрнөсөн уулзалт болжээ. Энэхүү багцын талаар одоо гишүүн орнууд техникийн хэлэлцээ хийхээс гадна Европын парламент батлах шаардлагатай юм.