Монголын даамчин охид цомын эзэд боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Дэлхийн даамын холбоо
(FMJD)-ноос цахимаар зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга
багаар Монголын даамчин охид тодорлоо.
Бүтэн
2 сар үргэлжилсэн тус тэмцээний эхний шатанд 11 орны бүсгүйчүүд
тойргийн журмаар тоглоход манай улсын баг Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийн багийг
хожин, Латви, Израил, БНХАУ-ын даамчидтай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ
дөрөвдүгээр байраар шалгарсан юм.
Улмаар хасагдах шатанд их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй
багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхэн хожив.
Харин
хагас шигшээд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэж байсан дэлхийн аварга
Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нараар толгойлуулсан
ОХУ-ын хүчирхэг багийг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран
үлдсэн юм. Ийнхүү аваргын төлөө ДАШТ-ний мөнгөн медальт ОУИМ
Ольга Федорович, хүрэл медальт ОУИМ Дарья Федорович, 64 буудалт даамын насанд
хүрэгчдийн Дэлхийн аварга Яна Якубович, өсвөр үеийн ДАШТ-ний алт, мөнгө,
хүрэл медальт Виктория Никалаева нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн багтай
тоглохоор боллоо.
Хэдийгээр хэсэгтээ учраа таарахад манай охид 6:2-оор хожсон ч энэ удаа огт өөр түвшний өрсөлдөөн өрнөх нь тодорхой байлаа. 8 дугаар сарын 14-нд болсон шигшээ эхний тоглолтод Монгол Улсын баг 5:3-аар илүүрхэв. Гуравдугаар ширээнд тоглосон ДДХМ Б.Мөнхжин ялалт байгуулж, бусад нь тэнцсэнээр ялимгүй давуу талтай болсон юм. Гэвч наймдугаар сарын 15-ны өчигдрийн хариу тулаан манайхны хувьд хүндхэн эхэлж, нэг, гуравдугаар ширээний тоглогчид хожигдов. Харин шийдвэрлэх мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4-өөр тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорлоо.
Даамын
хүчирхэг гүрнүүдийн тамирчдыг ээлж дараалан түрүүлсэн Монголын багийн
талаар даамын мэргэжилтнүүд “Хэдийгээр өсвөр, залуу насны ангиллын тамирчдаас
бүрдсэн ч тэд энэ тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй баг байлаа. Монголд
даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” хэмээн дүгнэж байна.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүн:
Баярын
МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070,
Энхболдын
ХҮСЛЭН - Дэлхийн даамын холбооны мастер, 2070,
Ганбаагийн
ХЭРЛЭНМӨРӨН - Дэлхийн даамын холбооны мастер, 2041,
Мөнхбаатарын
НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023,
Баатархүүгийн
МӨНХЖИН - Дэлхийн даамын холбооны мастер, 2020,
Норовсүрэнгийн
ЛХАГВАДОЛГОР - Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005,
Батдэлгэрийн
НАНДИНЦЭЦЭГ - Дэлхийн даамын холбооны мастер, 2001,
Баатархүүгийн АНУЖИН - Спортын мастер, 1989.