Монголын эмэгтэйчүүдийн баг "Үндэстнүүдийн цом”-ын эзнээр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-08 16:40:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн даамын холбоо /FMJD/-ноос цахимаар зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн  аварга багаар Монголын эмэгтэйчүүдийн баг тодорч, анхны цомын эзэн болжээ.


Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны  ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, өнөөдөр Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Манлай, багийн ахлагч их мастер Г.Ганжаргал болон баг хамт олныг өөрийн байрандаа хүлээн авч уулзан баяр хүргэлээ.



Монголын багийн бүрэлдэхүүн


1. Баярын Мишээл – ОУИМ, чансааны оноо 2070

2. Энхболдын Хүслэн - ДДХМ, чансааны оноо 2070

3. Ганбаагийн Хэрлэнмөрөн - ДДХМ, чансааны оноо 2041

4. Мөнхбаатарын Нямжаргал – ОУИМ, чансааны оноо 2023

5. Баатархүүгийн Мөнхжин - ДДХМ , чансааны оноо 2020

6. Норовсүрэнгийн Лхагвадолгор - ДДХДМ, чансааны оноо 2005

7. Батдэлгэрийн Нандинцэцэг - ДДХМ, чансааны оноо 2001

8. Баатархүүгийн Анужин - Спортын мастер, чансааны оноо 1989



Ташрамд сонирхуулахад, хоёр сар үргэлжилсэн тус тэмцээний эхний шатанд 11 орны бүсгүйчүүд тойргийн журмаар тоглоход Монголын баг Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусь улсын багийг хожин, Латви, Израил, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украины багт дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан юм.


Улмаар хасагдах шатанд их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг 6:2, 8:0-ээр илүүрхэн хожив.  Харин хагас шигшээд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан дэлхийн аварга Тамара Тансыккужина, дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нар тэргүүлсэн ОХУ-ын хүчирхэг багийг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм.


Ийнхүү аваргын төлөө ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын их мастер /ОУИМ/ Ольга Федорович, хүрэл медальт ОУИМ Дарья Федорович, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубович, өсвөр үеийн ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт Виктория Николаева нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн багтай тоглохоор боллоо. Хэдийгээр хэсэгтээ учраа таарахад манай охид 6:2-оор хожсон ч энэ удаа огт өөр түвшний өрсөлдөөн өрнөх нь тодорхой байсан юм.


Наймдугаар сарын 14-нд болсон шигшээ эхний тоглолтод Монголын баг 5:3-аар илүүрхэв. Гуравдугаар ширээнд тоглосон дэлхийн даамны холбооны мастер /ДДХМ/ Б.Мөнхжин ялалт байгуулж, бусад нь тэнцсэнээр ялимгүй давуу талтай болсон юм.



Харин наймдугаар сарын 15-ны хариу тулаан манайхны хувьд хүндхэн эхэлж, нэг, гуравдугаар ширээний тоглогчид хожигдсон. Харин шийдвэрлэх энэ мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4-өөр тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, энэхүү анхны тэмцээний аваргаар тодорлоо.


Олон улсын даамын мэргэжилтнүүд, даамын спортоор тэргүүлэгч гүрнүүдийг ээлж дараалан сөхрүүлсээр түрүүлсэн Монголын багийн талаар: “Хэдийгээр өсвөр, залуу насны ангиллын тамирчдаас бүрдсэн ч тэд энэ тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй баг байлаа. Монголд даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” хэмээн санал нэгтэй дүгнэсэн байна.

Э.Ариунзул

Связанные новости