Туялзуур сэлэмний дасгалжуулагч  Г.Халиунаа АНУ-д суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-08 18:04:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр туялзуур сэлэмний “Warrios fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаатай хамтран ажиллах үүрэг хариуцлагын гэрээнд гарын үсэг зурав.


Дасгалжуулагч Г.Халиунаа нь МҮОХ-ноос 2020 оны гуравдугаар сарын 4-нд Монголын спорт холбоодын дунд зарласан ОУОХ-ны эв санааны нэгдлийн тэтгэлэгт дасгалжуулагчдын сургалтад сонгогдож оролцсон байна. Тэрбээр АНУ-ын Делеваре /Delaware/ Их сургуульд хагас жилийн турш цахим болон танхимын сургалтад суралцах эрх авсан юм. Түүний сургалт ирэх 10 дугаар сард эхлэх бөгөөд 2021 оны гуравдугаар сард дуусах юм. Улмаар 2021 оны 10 дугаар сард Швейцарын Лозанн хотноо сэдэв хамгаалах шалгалт өгөхөөр болжээ.


МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дасгалжуулагч Г.Халиунаад амжилттай суралцаж төгсөөд туялзуур сэлэмний спортод  тууштай ажиллаж, энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэдгээ онцлон хэллээ.


Г.Халиунаа 2015-2019 онд туялзуур сэлэмний “Хүнд сэлэм”-ний төрөлд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадамд оролцож байсан. Мөн Монгол Улсаас гадаадад дасгалжуулагчаар ажилласан туялзуур сэлэмний анхны багш юм. 



Тэрбээр БНХАУ-ын Уши хотын ахлах сургуулиудын шигшээ багт ажиллаж байжээ. Өнөөдрийн энэ үйл явдалтай холбогдуулан Монголын  туялзуур сэлэмний холбооны дурсгалын сэлмийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм. 

Связанные новости