Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан 59 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Ингэснээр,
манай улсад бүртгэгдсэн коронавирусний 311 тохиолдлын 302 буюу 97 хувь нь
эдгэрээд байна. Үүнээс 281 хүний
ажиглалт, тандалтын хугацаа дууссан бол гэрийн ажиглалтад 13, сувиллын
ажиглалтад 8 хүн байгаа юм.
ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 9 хүн эмчлүүлж
байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
Өчигдөр улсын
хэмжээнд 1 408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
байна.
Түүнчлэн Нур-Султан-Улаанбаатар
чиглэлийн онгоцоор ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д өчигдөр өглөө амаржиж, хүүтэй болжээ.