Гамшгийн эрсдэлд даатгалын гүйцэтгэх үүргийг хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-01 18:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын талаар Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ (MEFIN) хамтран уламжлал болгон зохион явуулдаг олон улсын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг 9 дүгээр сарын 29, 30-нд цахимаар боллоо.

9 дэх удаагийн  уулзалт хэлэлцүүлэг “Уур амьсгалын болон гамшгийн цар тахлын эрсдэлийг бууруулах нь” сэдвийн хүрээнд болов. Энд хүртээмжтэй даатгалын талаар Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээний гишүүд болон даатгалын салбарын мэргэжилтэн, зохицуулах байгууллагын төлөөлөгчид оролцов. Монгол Улсаас СЗХ, ОБЕГ, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбооны төлөөлөгчид оролцож санал бодол, туршлага, мэдлэгээ солилцлоо.


Энэ удаад даатгал, хамгаалах систем, албан бус секторын олон талт байдал ба даатгалд хамрагдах арга зам, эрэлтэд суурилсан гамшгийн эрсдэлийг санхүүжүүлэх шийдлүүд, тэдгээрийн хэрэгцээ, эмзэг байдлыг бууруулах, гамшгийг удирдахад даатгалын салбарын гүйцэтгэх үүрэг гэсэн  үндсэн 4 чиглэлээр хэлэлцэв.

Тодруулбал, татвар, хуулийн зохицуулалтаас гадуур, далд эдийн засгийн байдал, тогтворгүй шинжтэй байнгын бус үйл ажиллагаа явуулдаг, ажлын нөхцөл, нийгмийн хангамж муутай албан бус секторт дутагдаж буй даатгалын хамгаалалт, энэ секторын хамралт, эмзэг байдал, бага дунд орлоготой иргэдийн гамшгийн нөлөөнд тэсвэрт байдлыг сайжруулах зорилгоор нийгмийн даатгал, хамгаалалтын бусад арга хэрэгслийг хүртээмжтэйгээр нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцлээ.  Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой даатгал нэвтрүүлсэн улс орнууд болох Марокко, Этиопын RAMED, Productive Safety Net зэрэг өрхийн санхүүгийн тогтвортой байдал болон гэнэтийн эрсдэлд тэсвэртэй байдлыг дэмжсэн, эерэг үр дүн гарсан хөтөлбөрийг танилцууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт дурдсан олон  улсын туршлага, шийдэл нь хүртээмжтэй даатгалыг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа манай улсын хувьд нэн шаардлагатай гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, мөн даатгалын салбарын оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой байгааг СЗХ-ноос мэдээллээ.


Связанные новости