Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 160 иргэн ирэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын
шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2700 орчим
иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан.
Шийдвэрийн дагуу
өнөөдөр Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 160 иргэн
эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүлийн-9, өндөр настан-8, эрүүл
мэндийн шалтгаантай 29, жирэмсэн-4, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 иргэн
байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт
сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Наранбулаг”
амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын
шуурхай штабаас мэдээллээ.