Бичигт боомт АНУ-ын Элчин сайдын яамны тусламжаар шинэ цэцэрлэгтэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Анх хоёр гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Бичигт боомтын
хүүхдийн цэцэрлэг шинэ байртай боллоо. АНУ-ын Инженерийн цэргийн буцалтгүй тусламжаар
Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн
барилга барьж ийнхүү талууд хүлээлцлээ. Улмаар улсын комисс хүлээн авснаар
үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм байна.
Цэцэрлэгийн барилгыг
хүлээн авах ёслолд АНУ-ын элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй тэргүүтэй
элчин сайдын яамны болон Инженерийн цэргийн консулын төлөөллүүд, аймгийн ЗДТГ,
БСУГ-ын удирдлагууд, хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ хамтаар оролцов.
Бид Монгол Улсын Засгийн газар, БШУЯ-тай хамтран Монгол Улсад дөрөв дэх хүүхдийн цэцэрлэгээ хүлээлгэн өгч байна. Аймгаасаа алслагдсан Бичигт боомтод цэцэрлэг байгуулж өгсөндөө маш их баяртай байна. Монгол орон АНУ-ын Альяск мужтай цаг агаартай төстэй учир хэт хүйтэн цаг агаарт тохирсон стандартаар цэцэрлэгийн барилга барьснаараа онцлог. Энэ маань боомтын хүүхдүүд олон жил тохилог, дулаан орчинд сурч хүмүүжих боломжийг олгоно гэж найдаж байна. Сүхбаатар аймаг болон Эрдэнэцагаан сумын боловсролын байгууллагын ажилчид үнэхээр хүүхдийн төлөө гэсэн идэвх зүтгэлтэй нь харагдлаа. Тиймээс цаашид байнгын хамтын ажиллагаатай байх болно гэдгийг АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй хэллээ.
Бичигт боомт нь аймгийн
төвөөс 290, сумынхаа төвөөс 70 км зайд байрладаг. Хүүхдийн цэцэрлэг нь сумын
төвийнхөө хоёрдугаар цэцэрлэгт харьяалагддаг юм.
Хуучин Бичигт боомт
дахь бүлэг гэж нэрлэгддэг байсан бол одоо салбар цэцэрлэг болж өргөжиж байна. Өнөөг
хүртэл бид нэг компанийн байранд түрээсээр хүүхдүүдээ хүлээн авч ажиллаж
байсан. Харин олон хүний хүчээл
зүтгэлийн үр дүнд ийм сайхан байртай болсондоо маш их баяртай байна. Бүлгүүдийн
өрөө, гал тогоо, хувцасны, ариун цэврийн гээд бүх өрөө тасалгаанууд яг
цэцэрлэгийн стандартаар барьсан. Одоогоор 30 хүүхэд цэцэрлэгт явахаар
бүртгүүлээд байна гэж Эрдэнэцагаан сумын хоёрдугаар цэцэрлэгийн
эрхлэгч И.Мөнгөнцэцэг өглөө.
Энэхүү цэцэрлэг
ашиглалтад орсноор алслагдсан хөдөөд хүүхэд багачуудын амьдрах, сурч боловсрох орчин
нөхцөл сайжрахын зэрэгцээ Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчид, Бичигтийн
боомтод ажиллаж амьдарч буй төрийн албан хаагч, орон нутгийн иргэд хүүхдийнхээ
эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовохгүй ажиллаж хөдөлмөрлөх сайхан боломж
бүрдэж байгаа юм.