Ч.Батцэнд: Би 140 гаруй концертод гоцлон дуулж, 30 гаруй жүжигт гол дүр бүтээсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн салбарт 30 гаруй жил зүтгэж байгаа, Увс аймгийн урдаа барьдаг шилдэг уран бүтээлчдийн нэг, “Ойрад” ХДТ-ын гоцлол дуучин Чулууны Батцэндтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Цахир хошуу гэдэг
газарт 1962 онд төрсөн. 1969 онд Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн
сургуульд 1-р ангид элсэн орж 1977 онд 8-р анги төгссөн. Дараагаар нь 1977-1979
онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн хоёрдугаар сургууль төгсөж байлаа.
1979-1980 онд Эрдэнэт хотод илгээлтээр очиж
Белаз машины жолоочийн курст сууж, жолооч мэргэжлээр төгсөөд 1980-1982 он
хүртэл ЦГТТ-д белаз машины жолоочоор ажиллаж байгаад 1982-1985 онд Дорноговийн
Зүүнбаянд 3 жил цэргийн алба хаасан. 1985-1986 онд Наранбулаг суманд
цэцэрлэгийн эрхлэгч, 1986 оноос одоог хүртэл аймгийн ХДТ-т жүжигчин, дуучнаар
тасралтгүй 35 жил ажиллаж байна. Соёл урлагийн байгууллагын үйлдвэрчний
эвлэлийн хорооны даргаар 14 жил ажилласан. Жүжигчний 3-р зэргийн үнэмлэхтэй.
Миний эцэг Хошууд ургийн Басангийн Чулуун нь Увс аймгийн Малчин суманд
малын санитар хийж байгаад Наранбулаг сум байгуулагдахад нягтлан бодогчоор
ажиллаж байсан. Хожмоо өндөр насныхаа тэтгэвэрт гарсны дараа бага хүүгээ мал
маллах арга ухаанд сургаж байлаа.
Миний ээж Галзад
ургийн Санжийн Жавзан гэж хүн байлаа. Миний эцэг Чулуунтай гэр бүл болж 8
хүүхэд төрүүлж өсгөсөн ачтан билээ. Би аав, ээжээс ах дүү наймуулаа.
-Та Наранбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж
байсан юм уу?
-Тийм ээ. 1985 онд цэргээс халагдаж ирээд сумын хүүхдийн
цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож байлаа. “Урлаг, уран сайхны авьяастай хүн чи
чадна” гээд сумын захиргаанаас энэ албанд томилсон.
Намайг ажил авахад цэцэрлэгийн багшаар
н.Цэвээн, Л.Мягмар, тогоочоор Норъёон нарын хүмүүс ажиллаж байсан. Би жил
гаруйн хугацаанд Наранбулаг сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж
байтал “Бүх ард түмний урлагийн үзлэг” болж, би тус үйл ажиллагаанд амжилттай
оролцсон учир аймгийн даргын захирамжаар Хөгжимт драмын театрт дуучин,
жүжигчинээр орж байлаа.
Түүнээс хойш аймгийн театрт тасралтгүй 35 жил ажиллаж
байна даа.
-Соёл урлагийн салбарт 35 жил ажилласан хүний хувьд уран
бүтээлийн сан тань их л арвин байх даа?
-Би өнгөрсөн хугацаанд 140 гаруй концертод гоцлон дуулж,
30 гаруй жүжигт гол дүр бүтээсэн байдаг. “Нар ургахыг хүлээхүй” кинонд Үст хар,
Ю.Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” кинонд нутгийн өвгөний дүр бүтээсэн.
Мөн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүр, “Хөх торгон дээл” жүжгийн
Чанга Төмөр зэрэг содон дүрүүд бүтээж байлаа.
Үүнээс гадна
“Аавыгаа санаад л байна уу даа”, “Аав таныгаа санахлаар”, “Нарны ээлтэй
Нарангийн сургууль” зэрэг дуунд ая хийж, өөрөө дуулсан. Хамгийн сүүлд “Алтан
үеэ дуулъя” дуу зохиосон маань Увсынхаа ахмадуудыг баярлуулсан. Мөн
харааны бэрхшээлтэй иргэдийн хүсэлтээр “Мэлмий гэрэлтэх ерөөл” гэх дуу бичсэн.
-Таны гавъяа шагнал гэвэл?
-1997 онд Гэгээрлийн яамны Жуух бичиг, 1999 онд Монгол Улсын СТА цол тэмдэг, 2002 онд МҮЭ-ийн Соёлын тэргүүний ажилтан, 2000 онд төр засгийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, 2016 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан. Үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллагын олон шагнал бий.
-Эхнэр, зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд маань ихэнх нь тусдаа гарсан. Отгон хүү маань сурагч болохоор эхнэр бид хоёртой хамт амьдарч байна. Миний ханийг Пүрэвийн Алтанчимэг гэдэг. Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р сургуульд менежерээр ажилладаг, насаараа багшилсан хүн бий.
-Танд баярлалаа.