Өчигдөр хотоос гарсан гурван автобус бүгд Улаангомд орж ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн зарим иргэн Улаанбаатараас Улаангом руу зорчсон байж болзошгүй байгаа юм. Иймээс өнөө өглөөний
11.00 цагаас болон үдээс хойш 15.00, 17.00 цагийн автобусаар Улаанбаатараас
Улаангомд ирсэн зорчигчидтой уулзаж, замд ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн
эсэх талаар тодрууллаа.
-“Боршоо хүдэн” ХХК-ийн жолооч Ц.Даваасамбуу:
Манай автобус энэ сарын 10-ны 17.00 цагт хоёр жолооч,
9 зорчигч, нийтдээ 11 хүнтэйгээр Улаанбаатараас гараад дөнгөж сая орж ирлээ. Замдаа зорчигч
бүр амны хаалт зүүж, хоорондох зайгаа барьж явсан. Зорчигчид маань бүгдээрээ Улаанбаатар
хотод “Хархан нүдэн” тоглолтыг үзээгүй гэж байсан. Улаангомын постоор орж ирэхэд
ариутгалын хувцас өмссөн хүмүүс автобусыг ариутган халдваргүйжүүлж, зорчигчдын
халууныг хэмжин, асуумж судалгаа авсан.
-Зорчигч Ц.Янжиндулам:
Улаанбаатар
хотоос манай автобус 11 хүнтэй ирлээ. Хүүхэд байгаагүй. Аймгийн төвийн пост
дээр ирэхэд цагдаа нар зогсоож, мэргэжлийн байгууллагын ажилтнууд бид нарын халууныг
үзэж, судалгаа бөглүүлээд явуулсан. Би Малчин сумынх бөгөөд 14 хоног Улаангомд хүүгийндээ
байж, хорио цээрийн хугацааг өнгөрүүлэхээр болсон. Энэ хугацаанд 14 хоног
гэрээсээ гарч орж болохгүй гэж албаны хүмүүс сая хэллээ.
-Зорчигч Г.Энхбаяр:
Коронавирусний талаар эхлээд бид нар ямар ч
мэдээлэлгүй явсан. Замдаа сонсоод л амны хаалтаа зүүцгээж, зайгаа барьж эхэлсэн дээ.
Манай автобусанд 11 хүн ирсэн бөгөөд хотод тоглолт үзсэн хүн нэг ч байхгүй гэж
дор бүрнээ хэлсэн. Сая постоор орж ирэхэд бидний халууныг үзэж, асуумж
бөглүүлсэн. Бас автобусыг ариутгалаа. Мөн 14 хоног гэрээсээ гарч болохгүй гэж
зөвлөсөн.
-“Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийн
жолооч Т.Дамдинсүрэн:
Манай автобусанд
нийтдээ 23 зорчигч суусан. Өчигдөр 15.00 цагт Улаанбаатараас хөдлөөд сая орж ирлээ. Шөнө Их уул дээр зам хаагаад нэг цаг шахам хүлээсэн. Замдаа зарим зорчигч бууж үлдсээр Улаангомд 17
зорчигчтой ирлээ. Зорчигч нараас "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн эсэхийг удаа дараа асуусан боловч бүгдээрээ үгүй гэж хариулсан.
Сая Улаангомын постоор орж ирэхэд хяналт тавьж, зорчигчдын биеийн халууныг
үзэж, машин ариутгалаа.