Туркт олон нийтийн газарт тамхи татахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-11-12 16:11:20

АНКАРА. /The Guardian/. Туркт коронавирусний халдварын шинж тэмдэггүй тохиолдлууд нэмэгдэж байгаатай холбогдуулан олон нийтийн газарт тамхи татахыг хориглолоо гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ. Мөн Засгийн газар халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг ард иргэддээ анхааруулсан байна.


Туркт өдөрт бүртгэгдэж буй халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн үед огцом нэмэгдэж, лхагва гарагт 2963 хүнээс халдвар илэрчээ. Тус улсад зөвхөн нийслэл Анкара хотод бүртгэгдсэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлын тоог олон нийтэд мэдээлж байгаа нь тархалтын талаарх үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулж байна гэх шүүмжлэлд өртөж байгаа юм.


Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, ард иргэдийг амны хаалт зүүх дүрэм журмыг мөрдүүлэхийн тулд ийнхүү олон нийтийн газарт тамхи татахыг хориглож байгаа ажээ. Учир нь хүмүүс тамхи татаж байхдаа амны хаалтаа авах юм уу доошлуулан зүүх тохиолдол элбэг байгаа юм байна.


Үүнтэй холбогдуулан ард иргэдийг бүх цаг үед амны хаалтаа зөв зүүх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 11 дүгээр сарын 12-ноос гудамж, өргөн чөлөө, талбай, нийтийн тээврийн буудал зэрэг хүмүүс олноороо цугладаг газруудад тамхи татахыг хориглож байна гэж Дотоод хэргийн яам мэдээлжээ.


Өмнө нь Туркийн Эрүүл мэндийн сайд амны хаалтаа заавал зүүж, зайнаас харилцах дүрэм журмыг баримтлахыг ард иргэддээ уриалжээ. Энэ долоо хоногийн эхээр Анкара хот тэргүүтэй зарим мужид хэсэгчилсэн хөл хорио тогтоож, 65-аас дээш насны хүмүүсийг 10-16 цагийн хооронд гадуур гарахыг хориглосон байна.


Мөн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зоогийн газар, кафе, усан бассейн, кино театр зэрэг үйлчилгээний газруудыг 22 цагаас хаахыг өнгөрсөн долоо хоногт үүрэг болгосон юм. Туркт өнөөдрийн байдлаар 400 мянга гаруй хүн халдвар авч, 11145 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Связанные новости