“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т амны хаалт болон ариутгалын бодисын нөөц хангалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-14 16:16:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр хамгаалах хэрэгслийн нөөцөө хэрхэн бүрдүүлж ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн  Р.Энхболдоос тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ, “Улсын хэмжээнд коронавируст цар тахлын халдвараас хамгаалах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үйлдвэрийн цех нэгжүүдэд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлт ариутгалын бодисын нөхөн хангах ажлыг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар, үйлдвэрлэл болон нийгмийн бүх цехийг гар ариутгалын бодисоор хангасан. Гадаргуу ариутгалын бодисыг нэмж захиалсан байгаа.  Нэг удаагийн амны хаалт 90 мянган ширхэгийг Тээвэр ложистикийн төвд хүлээж авсан. Үүнээс 40 мянгыг буюу ажилтан бүрт 5 ширхэгийг ойрын өдрүүдэд тараана. Мөн 300 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцсыг Цагдаа, Тээвэр ложистикийн төв, Засвар механикийн завод зэрэг ачаа, бараа хүлээн авдаг цехийн ажлын онцлогийн дагуу олгохоор захиаллаа. Түүнчлэн эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэрэг болон бусад ажилтнуудад нүүр хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн бээлийний хангалт хийсэн” гэлээ. 

Связанные новости