ЭМЯ: Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэмд нь хадгалбал нян үржиж бохирдохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас сэргийлэхэд хоол, хүнсээ аюулгүй байлгах нь чухал болохыг НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг зөвлөлөө.
Тэрбээр, “Вирус хүнсний бүтээгдэхүүнд өсөж үрждэггүй ч гэсэн хүн, мал, амьтны ялгадас бусад биологийн шингэн тогтсоны улмаас өвчин тархахад нөлөөлдөг. Хүнсний бүтээгдэхүүн бохирдоход хадгалах хэм, хугацаа нөлөөлдөг. Бидний хүрэлцэж байгаа гадаргуу, тоног төхөөрөмж, сав, баглаа боодол бохир байвал хүнсийг бохирдуулах шалтгаан болдог. ДЭМБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, мах, загас бохирдох магадлал их байдаг гэсэн судалгаа гаргасан. Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэмд нь хадгалж байхгүй бол нян үржиж бохирддог. Ялангуяа +5-аас доош, +57-ээс дээш хэмд өвчин үүсгэгчийн өсөлт эрчимтэй явагдана.
Нэг ширхэг нян 20 минут тутамд 2 болж хуваагдах ба 10-12 цагийн дотор нэг тэрбум болж үрждэг ” хэмээв.
Мөн тэрбээр, “Коронавирусний
халдвар болон хоол, хүнсээр дамжиж буй өвчлөлөөс сэргийлэхийн тулд эрүүл ахуйн
зохистой дадлуудыг баримтлах ёстой. Нэн тэргүүнд, гараа угаах, бээлий өмсөх ёстой. Хүнсний
бүтээгдэхүүнийг хадгалахдаа махны шүүс бусад хүнсний бүтээгдэхүүнийг
бохирдуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Ялангуяа тахианы махны нэг дусал шүүс
хоол, хүнсээр дамжих өвчин үүсгэхэд хангалттай хэмжээний өвчин үүсгэгчийг
агуулдаг гэж үздэг.
Мөн түүхий хүнсний
бүтээгдэхүүнийг гүйцэд чанаж болгох нь чухал. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнийг
зохих хэмд нь зөв хадгалах ёстой. Хоол,
хүнсийг бэлтгэх, хадгалахдаа ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих нь
халдвараас сэргийлнэ” гэдгийг дурдав.