А.Амбасэлмаа: Нийслэлийн 18 цэгт 19.4 мянган хүн коронавирусний шинжилгээ өгсөн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны 17.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Одоогоор хэдэн хүний хавьтлыг тогтоохоор ажиллаж байна вэ. Ямар хүндрэл үүсэж байна вэ?
А.Амбасэлмаа: Өнөөдрийн байдлаар энэ сарын 10-наас хойш батлагдсан тохиолдлуудын 800 гаруй ойрын хавьтлыг илрүүлж шинжилгээнд хамруулсан. Үүнээс 30 гаруй хувьд нь хоёр дахь шинжилгээ хийж байна. Дам хавьтлын 7500 хүнийг илрүүлж, түргэн оношлуураар шинжилгээ аваад эерэг гарсан тохиолдолд батлах шинжилгээ хийж байгаа. Улаанбаатар хотод байгуулсан 18 цэгт 19.4 мянган хүнд түргэн оношлуураар шинжилгээ өгсөн байна. Батлагдсан тохиолдол гарах бүрт ойрын хавьтал нэмэгддэг. Зарим хүн уулзсан хүн, явсан газраа мартах тохиолдол байгаа ч иргэд өөрийгөө хавьтал болсон байж болзошгүй, хавьтал авсан байж болзошгүй хэмээн эмнэлгийн байгууллагад хандаж, бидний ажлыг дэмжиж байгаад талархаж байна.
-Сэлэнгэ аймагт байдал хүнд байна. 24 цагт 40 хүн илэрссэн байгаа юм. Сэлэнгэ аймагт яагаад хөл хорио тогтоохгүй байна вэ?
А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймаг ойрын хавьтлуудаас маш сайн шинжилгээ авч байгаа. нууц үеийн хугацаанд хавьтлаа олж илрүүлэх тусам халдварын хүрээг тогтооход ач холбогдолтой. Илрүүлсэн хүмүүсийн 60-70 хувь нь шинж тэмдэггүй байгаа нь бид эрт илрүүлгийн үр дүнтэй зохион байгуулж байгаагийн илрэл юм. Шинж тэмдэггүй халдвартай хүнийг эрүүл хүмүүсээсээ салгах нь хамгийн чухал.
-Гашуунсухайтын боомт дээр нүүрс тээвэр зогссон. Нүүрс тээврийн жолооч нарыг хэзээнээс коронавирусний шинжилгээнд хамруулах вэ?
Д.Нарангэрэл: Жолооч нарыг Монгол болон БНХАУ-ын талд коронавирусний үзлэгт хамруулж байсан.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдэд хэдэн эмч, сувилагч үйлчилж байна вэ. Эдгээр эмч нарыг хэд хоног ажиллуулаад амрааж байна вэ?
А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д өвчтөнтэй ажиллах 13-14 баг бий. Эмчлэгч эмч, сувилагч, асрагч, ариутгагч, рентиген техникч нарын бүрэлдэхүүнтэй. Нэг эмчид 10-14 өвчтөн ногдож байгаа. Бид шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа бөгөөд нөөцөд дахиад баг бий. ХӨСҮТ-д 400 ор тавих боломжтой бөгөөд энэ хэмжээнд эмч мэргэжилтэн байгаа. Өвчтөнтэй ажиллаж буй эмч 14 хоног ажиллаад, ажиглалтын 14 хоногт шилжээд тусгай байранд ордог. Үүний дараа гэртээ харина. Мөн тандалтын хэсэг дээр шуурхай хариу арга хэмжээний баг 16 цаг ажиллаж байгаа. Мөн нийслэлийн 10 баг байгаа бөгөөд голомтод ажиллаж, хавьтлуудыг олох, шинжилгээ авах, тусгаарлах, шинжилгээний хариу өгөх зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Бүх багт цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын төлөөлөгч орж байгаа.
-Хүйтний эрч чангарч байна. Коронавирус гадаргууд хэдэн цаг байх боломжтой вэ. Хүйтний улиралд энэ хугацаа багасах уу?
Д.Нарангэрэл: Бохир орчин, гадаргууд коронавирус 3-72 цаг байдаг гэсэн судалгааг ДЭМБ-ын болон бусад орны эрдэмтэн судлаачид гаргасан байна. Манай улсад өвлийн улирал болж байгаа тул гадаад орчинд вирус амьдрах боломжгүй. Зөвхөн дотоод орчин, цаас, гадаргууд 3-72 цаг байх боломжтой юм. Тиймээс ЭМЯ-наас дотоод орчныг сайтар ариутгахыг зөвлөж байгаа. Өглөө өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор нэмж танилцуулахад нийслэлд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч коронавирусний халдвар авсан тохиолдол байхгүй. Харин гурав хоногийн өмнө Сэлэнгэ аймагт хилийн мэргэжлийн хяналтын албаны нэг хүнд коронавирус илэрсэн бөгөөд эмчлүүлж байгаа.