ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод PCR шинжилгээ хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын хоёр лаборатори хөдөө, орон нутгийн төвөөс зайдуу цэг, боомтуудад шуурхай шинжилгээ хийж байна.
Өнөөдрийн байдлаар, тус төвийн суурин лаборатори 14 мянган 900 гаруй хүнд шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд таван удаа ажиллаж 1 281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц шинжилж 34 эерэг сорьцыг баталгаажуулсан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж 250 гаруй сорьц шинжилж тохиолдлыг баталгаажуулж, өчигдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтод шуурхай шинжилгээ хийж байгаа аж.
ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн баг газар дээр нь PCR оношилгоог шуурхай хийснээр сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэх гэж цаг алдалгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байна гэж ЗӨСҮТ мэдээлэв.