Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил өмнөх оны мөн үеэс 7 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-10 16:09:15

Төв /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөлийн ээлжит 4 дүгээр хуралдаан энэ сарын 9-ний өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа.

Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Цагдаагийн газраас хийж хэрэгжүүлсэн ажил болон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяны удирдлага, зохион байгуулалт, хийж байгаа ажлын талаар хэлэлцсэн юм.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” нэг сарын аян зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын 750 ажилтан алба хаагч нарт Гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт хийсэн. Мөн 27 сумын Засаг дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийг хоёр удаа хамруулан “Хамтарсан баг”-ийн цахим сургалтыг Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 175 иргэнд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 128 иргэн, 11 хүүхдэд холбон зуучлах үйлчилгээ үзүүлжээ.

Цаашид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэдэд тогтмол сурталчлах ажлыг сумдын хамтарсан багуудаар зохион байгуулж, стандартын шаардлага хангасан түр хамгаалах байртай болох, зорилтот бүлэгт чиглэсэн тусгайлсан бодлого боловсруулах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн үзүүлэлт өндөр байгаа сумдад тусгайлсан чиглэл өгч ажиллах шаардлагатай байгааг онцолж, аймгийн Засаг дарга, холбогдох газруудад тогтоолоор үүрэг, чиглэл өгөхөөр шийдвэрлэжээ.

Мөн аймгийн хэмжээнд явуулж байгаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, цахим уралдаан зохион байгуулах талаар салбар зөвлөлийн ажлын алба, холбогдох байгууллагуудад ажлын чиглэл өглөө.

Төв аймагт 2020 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 46 гэмт хэрэг, 255 зөрчил бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 35,2 хувиар өссөн бол зөрчил 7 хувиар буурсан. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрээр 7-30 хоногоор 235 хүнийг баривчлуулж, 20 хүнийг 2 сая 820 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан гэж аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Нарантуяа мэдээллээ.  

Связанные новости