Халдварын сэжигтэй тохиолдлыг мэдээлдэг утасны аппликэйшн ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-12-11 15:36:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст цар тахлын эсрэг явуулж буй улс орон, бүс нутгийн туршлагаас ЭМЯ-наас танилцуулж байгаа. Энэ удаад Тайванийн туршлагыг танилцууллаа.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Тайвань улс коронавирус гарсан цагаас эхлэн маш эрчимтэй хариу арга хэмжээ авч, голомтыг таслан зогсоосон. 


Тайваньд “сарс”-ын эсрэг авч хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн коронавирусний эсрэг хариу арга хэмжээ авсан байна. Тухайлбал, хилээр орж ирсэн хүмүүсийг 14-өөс дээш хоног тусгаарлаж, хатуу хөл хорио тогтоосон. Хүн хоорондын зай барих дэглэмийг албан газарт, олон нийтийн газарт мөрдүүлсэн. Амны хаалт зүүхийг коронавирусний өвчлөл анх гарч эхлэх үеэс зөвлөж, хэрэгжүүлсэн. Амны хаалт зүүгээгүй тохиолдолд 520 хүртэлх ам.доллароор торгох арга хэмжээ авсан. Худал мэдээлэл тараах асуудлыг үндсээр нь зогсоож, ийм үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцсон.


Хүний бөөгнөрлийг сааруулахын тулд бүх дэлгүүр, хоршоо, олон хүн орох газрыг нэг урсгалтай буюу нэг нэвтрэх гарцтай болгосон. Гарцаар орж, гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, халдваргүйтгэл хийх гэсэн гурван зайлшгүй зарчмыг хэрэгжүүлсэн. Мөн албан тасалгаанд ажилладаг арван хүний хоёр нь гэрээсээ цахимаар ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ бүх хэрэгцээтэй техник, технологийг ашигласан учраас бичиг баримт солилцох, уулзалт зохион байгуулах ажлыг цахимаар шийдсэн байна. Түүнчлэн сэжигтэй тохиолдол эсхүл батлагдсан тохиолдлын ойр харьцсан хүн ойртвол дохио өгдөг утасны аппликэйшныг ашиглах зэргээр текник технологийг дэвшлийг ашигласан байна” гэлээ.

 

Связанные новости