“COVID-19”-өөр хөнгөн өвчилсөн иргэдийг гурван шалтгаанаар эмнэлэгт эмчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэнгээс манай улс дахь “COVID-19” халдварын эмчилгээ, судалгааны нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Манай улс “COVID-19” халдварын чиглэлээр ямар ямар судалгаа хийж байна вэ. Судалгааны үр дүнг хэрхэн ашиглаж байгаа
вэ?
-Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын
А/262 тоот тушаалаар шинэ коронавируст халдвартай холбоотой судалгаануудыг
удирдлага, зохион байгуулалтаар хангах, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах
зорилго бүхий ажлын баг байгуулсан. Тус баг нь Монгол Улсад хийх коронавируст халдвар
судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, судалгааны сэдэв, удирдагч, санхүүжилтийг хариуцна. Түүнчлэн “COVID-19” халдварын үед Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ-ны
Шинжлэх ухаан технологийн зөвлөл ажиллаж байна. Зөвлөл салбарын бодлогыг
нотолгоонд тулгуурлан гаргах, шийдвэрийн үр дүн, үр нөлөөг тогтоох, хэрэгжилт
хир зөв, нийцтэй байгааг тухай бүр судлах чиг үүрэгтэй.
ДЭМБ-ын санаачилгаар UNITY STUDY төслийн хүрээнд Монгол Улсаас
хоёр ч төсөл дэмжигдэн судалгааны ажлууд явагдаж байна. Монгол Улсад коронавируст халдварын нийт 12 судалгааны ажлыг
БШУЯ-ны ШУТС, ДЭМБ, ШУА-иас дэмжин хамтран
хэрэгжүүлж байгаагаас 5 судалгааны үр дүнг хүлээлгэн өгсөн. Эдгээр судалгааны
үр дүнг бид бодлого төлөвлөлтөд ашиглаж байна.
“COVID-193 халдварын эмнэлзүйн хувьд хөнгөн,
шинж тэмдэггүй байгаа хүмүүсийг эмнэлэгт байх хугацааг нь цөөлсөн үү?
-ХӨСҮТ, АШУҮИС-ийн багаас “Монгол Улсад бүртгэгдсэн шинэ
коронавируст халдварын эмнэлзүйн судалгаа”-г хийсэн. Судалгаагаар эмнэлзүйн хувьд хөнгөн хэлбэр зонхилж, 72 хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халуурах, ханиалгах, амт үнэр
мэдрэхгүй болох нь давамгай ажиглагдаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс
хойш дунджаар 21 хоног, түүнээс дээш доош 11 хоногт нуклейн хүчилд
суурилсан бодит
хугацаа УТ-ПГУ-ын шинжилгээ
сөрөг болсон байна.
-Одоо эмчлүүлж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн явцтай байгаа нь илрүүлгийн хамралт өндөр байгаатай холбоотой юу. Хэрэв тийм бол, тэдний ойрын хавьталд халдвар тархахаас сэргийлэх, эрт эмчилгээнд хамруулж, хүндрэлийг бууруулж байна гэж ойлгож болох уу?
-“COVID-19” халдварын хөнгөн болон шинж тэмдэггүй хүмүүсийн эмнэлэгт хэвтэх
хугацааг 14 хоног болгон цөөлж, 12 дугаар сарын 10-наас ХӨСҮТ-өөс нийт 130
эмчлүүлэгчийг Яармагийн 300 ортой шинэ эмнэлэгт шилжүүлсэн. Эдгээр
иргэдийг долоо хоног хянаад, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлэн гэрийн
хяналтад гаргана. Энэ нь ХӨСҮТ-ийн ачааллыг бууруулах, дотоод халдвараас сэргийлэх ажлыг
зохион байгуулахад ач холбогдолтой.
-Манай улс хөнгөн шинж тэмдэгтэй иргэдээ
эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх нь хэр оновчтой вэ?
-Бид “COVID-19” халдварын батлагдсан
эмнэлзүйн хувьд хөнгөн явцтай, шинж тэмдэггүй байгаа тохиолдлыг эмнэлэгт
тусгаарлан эмчилж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, дэлхийн бараг бүх улс оронд коронавируст халдвар тархаж, ДЭМБ-ын ангиллаар хүн амын дунд
тархсан тохиолдолд хөнгөн явцтай өвчтөнийг гэрт нь тусгаарлаж, эмчлэхээр
зөвлөсний дагуу ихэнх орон ажиллаж байна. Манай орны хувьд, одоогоор 15 аймагт
халдвар бүртгэгдээгүй, 6 аймагт кластер тархалттай, хүн амын дунд тархаагүй,
эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болж орны хомсдол үүсээгүй тул бид гэрт нь тухайн
хүнийг эмчлэх нөхцөл үүсээгүй. Хоёрдугаарт, хэрвээ эмнэлзүйн хувьд хөнгөн, шинж
тэмдэггүй байна гээд гэрт нь тусгаарлавал гэр бүлийн бусад гишүүн толгой
дараалан халдварт өртөх эрсдэл үүсэх, улмаар хүн амын дунд маш хурдан тархах
шалтгаан болно. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд нь дийлэнхдээ гэр бүл болон ажлын газрынхан нь байгаа юм. Гуравдугаарт, амьдарч буй газарт нь тусгаарлах эсэх нь
өрхийн ам бүлийн тоо, сууцны төрөл, тухайн өрхөд уг халдварт өртөх эрсдэлтэй хүн
байгаагаас шууд хамаарна.
Монгол гэрт бусдаас нь тусгаарлана гэдэг бараг боломжгүй, харин цөөн ам бүлтэй, бараг хүн бүр өөр өөрийн өрөөтэй байшин болон орон сууцанд амьдардаг өрхийн хувьд боломжтой. Иймээс эдгээр эрсдэл нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээс их өртөг, зардал, эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм.
-Хөл
хорио хэр үр дүнтэй байна вэ?
-Олныг хамарсан халдварт өвчний үед тархалтыг
хумих гол арга нь хөл хорио, тусгаарлалт, хувь хүний эрүүл ахуй дадал,
халдваргүйтгэл гэх зэрэг нийтийн эрүүл мэндийн олон талт интервенц маш чухал
үүрэгтэй. Хөл хорио нь коронавируст халдварын үед ямар их ач холбогдолтойг бид олон улсын нөхцөл байдлаас ч харж байна.
Бид ХӨСҮТ-ийн судлаачидтай хамтран “COVID-19” халдварын батлагдсан
нэг тохиолдлын халдварлуулах, дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр
дүнг тооцсон. Улаанбаатар хотод хөл хорио эхлэх үед халдвар авсан нэг хүн
дөрвөн хүнд, Сэлэнгэ аймгийн төвийн хувьд найман хүнд халдвар тараах эрсдэлтэй
байсан бол хөл хорионы дүнд халдварлалтын түвшин нэг буюу түүнээс доош болж
буурч Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хэрэгжүүлсэн Засгийн
газрын бодлогын интервенц үр дүнгээ өгсөн. Мөн кластер өвчлөл гарсан
Говьсүмбэр, Архангай аймагт 12 хоног, Дорноговь, Орхон аймагт 6 хоног,
Дархан-Уул аймагт 9 хоног корнавируст халдварын батлагдсан тохиолдол
бүртгэгдээгүй байгаа нь бас эерэг нөлөөтэйг харуулж байна.
Мөн НЭМҮТ-ийн болон АШУҮИС, ДЭМБ хамтарсан багийн хийсэн “COVID-19” халдварын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн
байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал”-ын судалгаагаар хариу арга
хэмжээний үр дүнд хүн амын нэг хувьд халдвар тархсан тохиолдолд 80.7 тэрбум
төгрөг, 5 хувьд 464.7 тэрбум төгрөг, 10 хувьд тархахад 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн дарамт учрахаас сэргийлсэн гэсэн дүгнэлт гарсан
байна. Хариу арга хэмжээг эрт авснаар хүн амын дунд “COVID-19” халдвараас шалтгаалсан нас баралт тохиолдоогүй бөгөөд хүн амын дунд 1
хувьд нь тархсан бол 12.685 хүн жил, 5 хувьд тархахад 63.429 хүн жил 10 хувьд
тархахад 126.859 хүн жил алдах байснаас сэргийлжээ.