Иргэд баталгаагүй замаар зорчвол 500 мянган төгрөгөөр торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-16 16:09:46

Төв /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд шинжилгээ өгөлгүй баталгаагүй замаар зорчих явдал тасрахгүй байна. 

Тодруулбал, тус аймгийн Засаг даргын А/605 захирамжаар аймаг, сум хоорондын хяналтын цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг сумын төвд зогсоолгүй зорчуулж байгаа. Харин голомттой бүс нутгаас аймаг, суманд ирж буй иргэдээс энэ сарын 24-ний өдрийг хүртэл түргэвчилсэн буюу тухайн өдрийн болон PCR шинжилгээний хариу гарснаас хойш 48 цагийн дотор хариуг харгалзан үзэж замын хөдөлгөөнд оролцуулж байгаа аж. 

Ийнхүү нийслэл хотоос хөдөө орон нутаг руу зорчиж байгаа хөдөлгөөнд Төв аймаг дахь Цагдаагийн газар болон аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас хөдөлгөөнт эргүүл гарган хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд нийслэлээс хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд шинжилгээ өгөлгүй, батлагдаагүй замаар зорчих явдал тасрахгүй байгаа.Тиймээс иргэд батлагдаагүй замаар зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 хэсгийг үндэслэн 500.000 төгрөгөөр торгож байгааг анхаарууллаа. 

Мөн өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулах өндөр эрсдэлтэй учир зохих журмын дагуу зорчих хөдөлгөөнд оролцохыг уриалсан юм. 

Связанные новости