Хүнс, худалдааны цэгүүд халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байгаа зөрчил их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-17 11:17:53

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/605 дугаартай захирамжийн хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Зуунмод сумын зургаан багт үйл ажиллагаа эрхлэгч 46 хүнс, худалдааны цэгт хяналт шалгалт хийлээ.

Тус шалгалтаар хүнс худалдааны цэгүүд үйлчлүүлэгчдийн халуун хэмжих багажаар хангагдаагүй бөгөөд үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, гар ариутгах бодис бэлдмэлээр хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Мөн 18 хувиас дээш спиртийн агууламжтай нийт 10 төрлийн хэмжээтэй, 19006 ширхэг архи, согтууруулах ундааг тоолж лацадсан байна. Ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналт шалгалтыг өдөр бүр зохион байгуулах аж. Мөн шалгалтын үед бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөц, импортоор орж ирж байгаа зэргээс шалтгаалан үнийн хэлбэлзэл 100-500 төгрөгийн хооронд байна. Тиймээс үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхгүй байх талаар аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ.

Хамгийн гол нь үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

 

Связанные новости