Эрүүл мэндийн байгууллагууд хэвийн горимоор ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-23 12:15:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэртээ тусгарлагдсан иргэд яаралтай тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэх мэдээлэл гарч байна. Хөл хорио эхэлсэнтэй холбогдуулан эмнэлгийн яаралтай тусламжийг иргэдэд хэрхэн хүргэж буй талаар эмч, мэргэжилтнүүд өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө.

 

-ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: Эрүүл мэндийн байгууллагууд хэвийн журмаар ажиллаж байна. Хэдийгээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв, гурав дахь шатлалын төвүүд 24 цагаар хэвийн горимоор ажиллаж байгаа.

 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг тусгаарлалтад орсон учир Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу тус дүүргийн тусламж үйлчилгээг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Энэрэл эмнэлэг, Сүхбаатар дүүргийн эмнэлэгт гэхчлэн хуваарилсан. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд эмнэлгийн яаралтай тусламжийг дээрх эмнэлгүүдээс авах боломжтой.

 

Мөн яаралтай тусламжийн 103, ХӨСҮТ-ийн 100, зөвлөгөө мэдээлэл өгөх 119, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1800-0119 утсаар лавлаж болно. Ямар нэг байдлаар яаралтай тусламж дуудахад ирэхгүй юм гэсэн зүйл байхгүй. Шаардлагатай гэж үзвэл эрүүл мэндийн байгууллагад хандах бүрэн боломжтой учир иргэд санаа зовох зүйлгүй гэж хэлж болно.

Связанные новости