Улаанбаатар хотод зургаан хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-24 11:01:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 23-нд нийт  11 800 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 6 хүнд коронавирус илэрчээ.

Эдгээр тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Үүний нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын чиглэлээр энэ сарын 21-нд ирсэн хүний шинжилгээ халдвартай гарчээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний зөөвөрлөгдсөн тохиолдол 593 болж байна. Үлдсэн таван тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос өвчтөн хоёр, гэр бүлийн хавьтал нэг, сахиур хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Улаанбаатар хотод голомтлон гарч буй халдвар 279 болжээ.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын  тохиолдол 1069 болж бүртгэгдэж байна.

Үүнээс 584 хүн эдгэрээд буй юм. Өнөөдөр 43 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 476 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 4 нь хүнд, 55 нь хүндэвтэр, 414 нь хөнгөн байгаа аж.

Связанные новости