Канад Их Британитай нислэгээ зогсоох хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-24 17:38:05

ОТТАВА. /Reuters/. Их Британид коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан тус улстай зорчигч тээврийн нислэгээ зогсоох хугацааг ирэх нэгдүгээр сарын 6 хүртэл сунгалаа гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо лхагва гарагт мэдэгджээ.


Канад Их Британитай хийх нислэгээ даваа гаргаас 72 цагийн хугацаагаар зогсоогоод байсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ийнхүү хоёр долоо хоногоор сунгасан байна. Их Британид тархсан шинэ хувилбар нь бусад хувилбараас илүү халдвартай болохыг тогтоогоод байгаа юм.


Европын хэд хэдэн оронд шинэ хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдээд байгаа бол Канадад ийм тохиолдол илрээгүй гэдгийг тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлээд байна.


Канадын эрх баригчид “Pfizer”, “Moderna” вакциныг ашиглахыг зөвшөөрөөд байгаа юм. Эдгээр компанийн хувьд вакцинуудаа Их Британид тархсан  шинэ хувилбарын эсрэг үр дүнтэй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох туршилтыг хийж байгаа билээ. 

Связанные новости