Францад шинээр хөл хорионы дэглэм тогтоохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /France24/.
Францад коронавирусний халдварын тархалтыг
хяналтад авахын тулд шинээр хөл хорио тогтоохгүй боловч халдвар хамгийн их
тархсан зүүн хэсгийн бүс нутгуудад эрт хөл хорих цаг тогтоож магадгүй гэж тус
улсын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ.
Францад өдөрт шинээр
бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо Засгийн газрын зорилтоос /5000/ хоёр дахин их байгаа боловч гурав дахь удаагаа хөл хорио тогтоох талаар
одоогийн байдлаар төлөвлөөгүй байна гэж О.Веран мягмар гарагт “France 2” сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдээлсэн
байна.
Гэвч бид
шаардлагатай бүс нутгуудад хөл хорих цагийг сунгаж, оройны 20 цагаас тогтоож
байсныг 18 цаг болгох санал гаргасан гэж тэрбээр нэмж хэлжээ. Баруун Европын
орнуудаас халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Францад 2.57 сая хүн
халдвар авсан нь дэлхийд тавдугаарт жагсах үзүүлэлт юм.
Францад энэ оны
гуравдугаар сарын 17-ноос тавдугаар сарын 11, 10 дугаар сарын 30-наас 12 дугаар
сарын 15-нд тус тус хөл хорио тогтоосон билээ.