Төв аймаг: 2020 оны онцлох үйл явдал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-31 17:40:24

Төв  /МОНЦАМЭ/. 2020 онд Төв аймагт болсон онцлох  үйл явдлыг нэрлэж байна.


1.Төрийн үйлчилгээний цахим  E-Mongolia системийг улсын хэмжээнд хамгийн эхэлж нэвтрүүллээ

Төв аймаг 2020 оныг “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил” болгон зарлан энэ хүрээнд төрийн зарим үйлчилгээг хялбаршуулан иргэдэд ойртуулах зорилгоор 27 сумын “Нэг цэгийн үйлчилгээ”-г өөрчлөн “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн зохион байгуулалтад оруулсан. Мөн 121.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төрийн үйлчилгээний цахим систем Е-Моngоlia системийг нэвтрүүлж, 28 операторыг ажиллуулж байна. Е-Моngоlia системд холбогдсоноор 16 байгууллагын 146 төрлийн нэг болон 2 шатлалт лавлагаа үйлчилгээгээр 27 сумын 97 багийн 9500 иргэнд үйлчилсэн байна.

2.Атрын шинэ жарны эхний жилийг амжилт бүтээлээр дүүрэн угтлаа 

2020 онд 310.2 мянган тн ургац хураан авах зорилт дэвшүүлж, 336.2 мянган тн ургац хураан авч үр тариа 67.9 мянган тонн, төмс 152.2 мянган тонн, хүнсний ногоо 21.7 мянган тонн, малын тэжээл 89.9 мянган тонныг тус тус хураан авч, улсын хэмжээний хураан авсан үр тарианы 17.0, төмсний 63.0, хүнсний ногооны 18, малын тэжээлийн 53 хувийг тус тус үйлдвэрлэж, төмс, тэжээлийн ургацаар улсдаа тэргүүлсэн амжилтыг бататгалаа. Мөн хүнсний ногооны үрийн шинэчлэл хийж, Голланд улсын гебирид сортуудыг тариалснаар нэгжийн ургац 800 цн хүрч, ургацаараа улсдаа тэргүүллээ.


3. Үндэсний их баяр цэнгэл наадмыг Төв аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулав 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 13-р зуун цогцолборт зохион байгуулж, Төв аймгаас 2 түрүү, 6 айраг, Үндэсний сурын харваанд 1 түрүү, Монгол Улсын начин 1 төрлөө. 

4.Төв аймгаас алдартан, гавьяатнууд төрөн гарлаа

Ажил хөдөлмөртөө амжилт бүтээл гарган төр засагтаа үнэлүүлж, 2020 онд тус аймгаас Ардын цолтон 1, гавьяат цолтон 3, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 18, Алтан гадас одонт 91, Хөдөлмөрийн хүндэт медальтан 47 иргэн төрөн гарлаа.

5. Төв аймаг мал сүргийн тоогоор улсад дөрөвдүгээрт орж, Шинэ үүлдрийн хэсгийн үхэр сүрэгтэй боллоо

Өнгөрсөн онд үндэсний баялаг болсон буянт мал сүрэг маань 4.9 сая толгойд хүрч, малын тоогоор улсдаа дөрөвт, адуун сүргийн тоогоор гуравт орлоо.

Монгол орны үхэр сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэрлэг байдлыг хадгалах зорилгоор 1957 оноос Алатау үүлдрийн үхрийг Монгол үхэртэй эрлийзжүүлэх селекцийг системтэй явуулснаар Батсүмбэр суманд сүү-махны чиглэлийн хосолмол ашиг шимт Буган халиун үхэр бий болсон. Батсүмбэр суманд үржүүлж буй уг сүү-махны чиглэлийн хосолмол ашиг шимт үхэр “Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-д заасан шаардлагуудыг хангасан тул Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-218 тоот тушаалаар “Үүлдрийн хэсэг”-ээр баталгаажуулж “Буган халиун” гэж нэрлэлээ.

6. Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслууд амжилттай хийлээ

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг нь энэонд хагалгааны нэр төрлийг нэмэгдүүлэх, мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан ажиллаж төлөвлөгөөт хагалгаа 522, яаралтай 455 нийт 977 хагалгааг хийжээ. Үүнээс дурангийн 145 хагалгаа хийсэн байна. Мөн ерөнхий мэс засал 513, төрөх эмэгтэйчүүдийн 333, гэмтлийн 113, чих хамар хоолойн 5 мэс засал тус тус хийж, 10 төрлийн мэс засал шинээр хийсэн байна.

7. “Ковид-19” цар тахлыг дотооддоо алдаагүй аймгуудын нэг

Төв аймгийн хэмжээнд “Ковид-19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд Аймгийн Онцгой комисст 28 иргэн, аж ахуйн нэгжээс 116.7 сая төгрөгийн, 31.8 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын дэмжлэг үзүүлээд байна.

Мөн ДЭМБ, ЭМЯ, "Дэлхийн зөн Төв" ОНХ, Орон нутгийн төсөв, хандив тусламжаар 241.7 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, аймгийн хэмжээнд нийт 28 тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

“Ковид-19”  түргэвчилсэн шинжилгээ авах цэгийг 27 сумын эрүүл мэндийн төвд байгуулан, 2795 иргэнээс шинжилгээ авч хариу сөрөг гарлаа.

Аймгийн хэмжээнд халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн 1277 иргэнийг тусгаарлах байранд, 3728 иргэнийг гэрийн тусгаарлалтад, тархвар судлалын заалтаар 214 иргэнийг гэрийн ажиглалтад харъяа эрүүл мэндийн байгууллагууд хяналт тавин ажиллаж, 21 удаагийн хариу арга хэмжээг шуурхай авч ажилласны үр дүнд Төв аймагт одоогоор коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

8. Төв аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2020 оны хамгийн том хөрөнгө оруулалт

Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Кёнгги аймгийн Пёнгтаек хоттой хамтран “Аймгийн нийтийн номын сангийн шинэчлэл засвар”-ын төслийг хэрэгжүүллээ. Шинэчлэл засварын төслийн 80% буюу 920 сая төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж 20% буюу 225.8 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүллээ. Мөн аймгийн Нийтийн номын санд Хөрөнгө оруулагч “Пёнгтаек” хотыг сурталчлах “Pyeongtaek нэрэмжит өрөө”-г байгуулж бүрэн тохижууллаа. 

 

Связанные новости