Сүхбаатар аймгийн шилдэг багшийг хоёр өрөө байраар шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-05 00:11:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас "Жаргалсайхан Ирээдүй Сан” болон "Баярхүү фэмили" сантай хамтран орон нутгийн нийт сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарын дунд уралдаан зарласан. Уг уралдаан өдгөө ч шалгаруулалт нь үргэлжилж байгаа бөгөөд шилдгийн шилдэг багшийг хоёр өрөө байраар шагнах юм. Мөн шилдэг захирал, сургалтын менежер тус бүр нэг нэгийг тодруулж, тус бүр таван сая  төгрөгийн шагнал олгоно.

Нэгдүгээр шатанд арван сумын 13 сургуулиас 52 багш, найман менежер, таван захирлын материал иржээ. Уралдааны дотоод удирдамжийн дагуу шалгаруулалтыг хийж, 2020 оны 12 дугаар сарын 31-нд эхний шатны шалгаруулалтыг явуулсан байна. Улмаар 26 багш, бүх захирал, сургалтын менежерүүд хоёрдугаар шатанд үлджээ. Энэ шатнаас төрөл тус бүрд нэг шилдгийг шалгаруулна.

Олон улсын судалгаагаар бүх нийтийн боловсролын чанарт хамгийн өндөр нөлөөтэй хүчин зүйл бол багш нарын ур чадвар, цалин хангамжийн асуудал гэдгийг гаргаж ирсэн. Манай улсын хувьд энэхүү асуудал олон жил яригдаж байна. Бид энэхүү судалгаан дээр үндэслэн нийт 600 орчим багш, удирдах ажилтнуудыг хамруулан 2020 оны туршид өрсөлдөөн явуулсан.  Энэхүү уралдаан маань цогц байдлаар багш нарын сургалт, эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг жилийн турш төлөвлөсөн байсан ч цар тахал дэлхий нийтийг хамран тархсантай холбогдон бүрэн хэрэгжүүлж чадаагүй юм. Хэдийгээр тийм боловч бидний "Сүхбаатар Edu Forum-2019" дээр зорьж байсан элсэлтийн ерөнхий шалгалтад 2020 онд 21 аймгаас эхний арав дотор орох гэсэн зорилтыг боловсролын салбарын хамт олон маш амжилттай биелүүлж, математикийн хичээлээр дөрөвт, монгол хэлний хичээлээр хоёрт, Монголын түүх хичээлээр нэгт орсныг сонсоод бидний зүгээс маш их талархах, бахахрхах сэтгэл төрсөн. Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Баруун-Урт суманд болохоор төлөвлөгдсөн. Бүх нийтийг хамарсан хөл хорионы дэглэмээс хамаарч одоогоор хугацаа тодорхойгүй байна гэж "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Баярхүү хэллээ.

Мөн энэхүү уралдааны нэг онцлог нь хоёрдугаар шатанд тэнцэн үлдсэн бүх багшид тус бүр гурван сая төгрөгийн урамшууллыг олгох аж.

 

 

 

Связанные новости