Гол, мөрний мөсөн дээр зорчихгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй эрчимтэй мөстөж байгаа ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Дээрх зургаас үзвэл, гол, мөрний мөсөн бүрхүүлийн зузааныг 0-40 см бол улаан цэгээр, 40-80 см бол ногоон цэгээр, 80-120 см бол цэнхэр цэгээр, 120 см-ээс дээш бол цагаан цэгээр тэмдэглэсэн байна.
Шинэ оны нэгдүгээр сарын нэгний байдлаар Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын дагууд мөсөн бүрхүүл 50-95 см. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөс 75 см нимгэн байна.
Хатгал тосгон орчимд, Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл 50 см нимгэн мөстэй байгаа бол Ханх орчимд 30 см нимгэн байна. Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын мөс 10-85 см байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын мөсний зузаан 30-90 см. Сэлэнгэ мөрөн болон Орхон голын нийт уртын дагууд 40-85 см мөстсөн байна.
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг,
Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг
голууд 40-85 см зузаан. Буйр болон Хөх нуур 55-70
см нимгэн.
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд,
Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голууд 30-80 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг гол 15-70 см, Хархираа, Чигж голын хувьд 10-15 см. Увс, Хяргас нуур 20-25 см буюу дээрх гол, мөрнүүдээс хамгийн нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 40-105 см зузаан байна.
Гол, мөрний мөсөн бүрхүүл 120-оос дээш буюу цагаан цэгээр тэмдэглэгдээгүй. Ихэвчлэн улаан, ногоон цэгээр тэмдэглэсэн байгаа нь мөсөн бүрхүүл аюулгүй зорчих хэмжээнд хараахан зузаараагүй байгааг илэрхийлж байна.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.