Ч.Амгалан: Өмнө зүгийн тал хээрийн дөрвөн суманд өвөлжилт таагүй боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-05 12:22:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр, өмнө зүгийн зарим суманд мал аж ахуйн  өвөлжилтийн байдал бэрхшээлтэй тулгарсан байна. Тус аймгийн тал хээр нутгийн Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант суманд 5-11 см зузаан цастай, өвөлжилт хүндэрсэн гэж дүгнэж байна. Энэ талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан дараах мэдээлэл хийлээ.

- Манай аймаг  9,1 мянган малчин өрхөд 3,6 сая мал өвөлжүүлэхээр зохион байгуулж байна. Малын тоо толгойг жил ирэх тутам тодорхой хэмжээнд, хэт өсгөхгүй байх бодлого барьсан. Үүний нэг хэлбэр нь жил болгон “Бэлчээрээ хайрлая” гэдэг арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд бэлчээрийн менежментийн талаар малчид ойлгодог боллоо.  Бэлчээргүй бол малгүй болох нь гэдэг ойлголт авсны үр дүнд малын тоо толгой тодорхой хэмжээнд байна. Гэхдээ малын механик өсөлт нэмэгдэж байна. Баруун болон ойролцоо аймгийн малчид их шилжиж орж ирлээ. Дээр нь отроор ирсэн айл, өрх манай аймагт үлддэгээс шалтгаалж малын тоо толгой нэмэгдэж байна.

Отор нүүдлийн хувьд аймгийн урд бүсийн найман суманд 124,8 мянган мал орж ирээд байна. Отрын малчдын хувьд маргаан гаргадаг асуудал бий. Тухайн орон нутгийн иргэдийн хайрлаж хүндэлдэг шүтээн газар нутагт бууж байна. Булгийн тархи, шүтээн хайрхан уулан дээр гараад буучихдаг. Отрын малчид нутаг орны байдлыг мэдэхгүй байж болно. Гэхдээ өвөлжих боломжийг бүрдүүлж газар зааж өгөөд байхад тэнд нутаглахгүй маргаан гаргаж байна. Мөн отроор ирсэн айлд өөрийнх нь малаас гадна алсын хариулгатай олон тооны мал адуу суурилсан 7-8 залуучууд малтайгаа өвөлжиж байна. Энэ нь үндсэн малчдын малын бэлчээрийг талхалдаг. Манай аймаг отроор ирсэн малчдаас татвар хураамж нэхэхгүй байгаа.

Урд бүсийн найман суманд өвс, тэжээлийн нөөц багассан. Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Могод, Хишиг-Өндөр суманд малчид бэлтгэсэн өвснийхөө 50-60 хувийг хэрэглэсэн байна. Нөөц бэлчээр ашиглах гэхээр отрын малд тахлагдсан. Ирэх хаврын хариг цагийг давтал таван сарын хугацаа байна. Тэгэхлээр өвөлжилтийн байдал улам бэрхшээлтэй тулгарах төлөв байна гэлээ.

Связанные новости