Эрүүл бүс нутгаа эвийн хүч, хамтын зүтгэлээр бүтээхийг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-06 18:52:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос “Эрүүл бүс нутгаа эвийн хүч, хамтын зүтгэлээр бүтээцгээе” хэмээн уриалж, нийт ард иргэддээ халдвар хумигдаж алга боллоо гэж тайвшралгүй, дэглэм журмаа сахиж, үүрэг хариуцлагаа өндөржүүлэн хянуур байхыг цаг ямагт сануулсаар байна. Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид 512 хүнд PCR шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарчээ.  

Мөн “Ковид 19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд Сүхбаатар суманд 19645, бусад суманд 25400, нийт 45045 хүнийг хамруулсан аж. Аймгийн хэмжээнд ажиглалтын дөрөв, тусгаарлах нэг байранд 52 иргэн хяналтад байна. Түүнчлэн батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажилласаар байгаа аж,.

Үүнд 1486 иргэн хавьтлын судалгаанд бүртгэгдэж, 1469 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 85.7 хувь буюу 186 иргэн эдгэрч, сувиллын хяналтад 6, гэрийн ажиглалтад 51, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 129 иргэн байгаа гэнэ. Сүхбаатар сумаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 28 тээврийн хэрэгслээр 102 иргэн, Сүхбаатар сум руу орох чиглэлд 35 тээврийн хэрэгсэлтэй 70 иргэнийг PCR шинжилгээг үндэслэн нэвтрүүлжээ.

Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын 34 цэг байршилд Цагдаа, Онцгой байдал, бусад салбарын 100 албан хаагч 68 техник хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Мөн аймгийн хэмжээнд найман цэг байршлын 1518 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Батлагдсан тохиолдол илэрснээс хойш 54 хоногийн хугацаанд 217 тохиолдол бүртгэгдсэнээс гэр бүлийн хавьтлаас 68, илрүүлэг үзлэг оношилгоогоор 32 хувийг илрүүлжээ. 

 

 

Связанные новости