Хүүхдийн байгууллагын хуучин барилгуудыг зориулалтынх нь дагуу ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-08 10:17:35

Дорнод /МОНЦАМЭ/. Ерэн оноос өмнө хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байсан барилгуудыг өдгөө зориулалтынх нь дагуу ашиглах ажил Дорнод аймагт хэрэгжиж эхлээд байна. Энэ ажил Чойбалсан хот дахь орон сууцны 16-р байрны баруун талд орших ясли, цэцэрлэгийн зориулалттай барилгаас Эрүүл мэндийн газрыг нүүлгэж Хэрлэн сумын есдүгээр цэцэрлэгийг байгуулснаар эхэлсэн юм.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Барилга байгууламжаас гадна байршил нь тун чухал. Мөн хууль шүүхийн байгууллагууд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн орчимд байрлах нь тохиромжтой биш” гэдгийг тодотгов. Цаашид дээрх ажил үе шаттай хэрэгжинэ. Тухайлбал, Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагаа явуулж буй барилгыг тухайн үед Залуу техникчдийн ордны зориулалтаар, Хүүхдийн төлөө төвийн өргөтгөл болгон байгуулж байсан аж. Тиймээс Нийгмийн даатгалын байгууллагад шинээр барилга барих боломжийг судалж байна гэлээ.

Түүнчлэн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн дотуур байрны барилгыг Хүүхдийн хөгжлийн төв болгох зорилт дэвшүүлж, одоо үйл ажиллагаа явуулж буй Шүүхийн байгууллагад хуулийн байгууллага байрлах боломж бүхий шаардлага хангах газарт шинээр барилга барьж өгөхөөр төлөвлөж байна. Мөн аймгийн Прокурорын газрын барилга барихаар Чойбалсан хотын Нэгдүгээр цэцэрлэгийн баруун талд олгогдсон байсан газрыг цуцалж, тус байршилд одоо цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байгаа бөгөөд Цагдаагийн газрын баруун талд хуулийн байгууллагын хотхонд шинээр Прокурорын конторын барилга барьж байгаа юм. Тухайн үеийн ХАА-н техник мэргэжлийн сургуулийн дотуур байр байсан, одоо “Эрүүлжүүлэх” байрлаж байгаа обьектыг Цагдаагийн газраас шилжүүлэн авч, хүүхдийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.

Связанные новости