Коронавируст цар тахлын үед хэрэглэх нийт орны 9,5 хувийг ашиглаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад одоогоор коронавируст халдвартай өвчтөнг тусгаарлан эмчлэх 5366 орыг бэлдээд байна. Үүний 309 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.
Монгол Улсад бүртгэгдсэн 1362 тохиолдлын 1.5-2 хувь нь эрчимт эмчилгээ хийлгэж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн 17.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн хэлэхдээ, “Одоогоор бэлдсэн орны 400 гаруйг нь, өөрөөр хэлбэл 9.5 хувийг нь л ашиглаж байгаа учраас орны хомстолд ороогүй байна. Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлоос 889 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан.
Нийт өвчтөний биеийн байдлыг үнэлбэл, 70-80 хувь нь хөнгөн, үлдсэн хувь нь хүндэвтэр ангилалд хамаарч байна. Тархалтын байдлын хувьд, Улаанбаатар хот идэвхтэй голомттой, харин хөдөө орон нутагт дахь голомт намжмал байгаа юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ бэрхшээлгүй, хэвийн явагдаж байна.