Албан хэрэг хөтлөлт хариуцсан 234 албан хаагч цахим сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-26 13:47:48

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Төрийн архивын тасгаас сум, байгууллагуудын удирдлагууд, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан 234 ажилтан, албан хаагчдад цахим сургалт зохион байгууллаа.

Тодруулбал,  “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль” 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан албан хаагчдад мэдээлэл хүргэх, чадавхжуулах, цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгөх зорилгоор тус  цахим сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан албан хаагчдын мэдлэгийг бататгах зорилгоор 147 албан хаагчдыг шалгалтад хамруулахад 85 хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Мөн иргэдэд мэдлэг олгох зорилгоор 14 хоногийн зорилтот аяныг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлж байгаа аж. Аяны хүрээнд аймгийн 27 сумын ЗДТГ, төсөвт байгууллага, ААН, иргэдийн дунд АХА тэмцээн, хууль танин мэдүүлэх сургалт, зөвлөн туслах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Харин архивын лавлагааг цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлж E-mongolia цахим систем, Төрийн архивын тасгийн цахим хуудас болон гар утсаар дамжуулан нийслэл хот, 21 аймаг, алслагдсан сумдаас бүх төрлийн лавлагаа үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм.

 

 

 

 

 

 

Связанные новости