Төв аймгийн хүн амын 54.2 хувь нь илүүдэл жинтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-29 12:32:42

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран аймгийн хэмжээнд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох судалгааны ажил хийхэд хүн амын 54.2 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэсэн дүгнэлт гарчээ.

Тодруулбал, 2019-2020 онд Төв аймгийн хэмжээнд 15-65 насны иргэдийн дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт, мэдлэг, дадал, хандлагыг тодорхойлж, тэдгээрийн хоорондын хамаарлыг судлах зорилгоор тус судалгааны ажлыг хийсэн аж. Энэхүү судалгааны үр дүнгийн мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр аймгийн ЗДТГ, 26 сум, төсөвт байгууллагын удирдлага, төрийн албан хаагч зэрэг нийт 137 хүн оролцон цахим мэдээлэл хийж судалгааны ажлын талаар танилцууллаа.

Судалгаанд оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон ба аймгийн хэмжээнд нийт 2834 иргэнээс судалгааны мэдээлэл цуглуулж, цусан дахь сахарын хэмжээг 1014 хүнд, холестриныг 498 хүнээс авч тодорхойлжээ. Уг судалгааны үр дүнгээс харахад хүн амын 84,3% нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний хомсдолтой бол 54,2% нь илүүдэл жин, таргалалттай байна.

Харин төвийн таргалалтын хувьд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс 2,6 дахин их байгаа юм. Судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, таван хүн тутмын нэг нь тамхи татдаг, гэртээ 10 хүн тутмын дөрөв нь, ажлын байранд дөрвөн хүн тутмын нэг нь дам тамхидалтад өртөж байна. Хүн амын 21,6% нь жимс, хүнсний ногоо огт хэрэглэдэггүй, 10,7% нь давс хэтрүүлэн хэрэглэдэг, 45,9% нь тээврийн хэрэгсэл жолоодох буюу машинаар зорчихдоо суудлын даруулга хэрэглэдэггүй эсвэл заримдаа хэрэглэдэг зэрэг эрсдэлт зан үйлийг үйлддэг байна.

Мөн аймгийн хэмжээнд судалгаанд хамрагдсан нийт хүн амын дийлэнх буюу 66,1% нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй, 17,1% нь өндөр эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс 3,5 дахин их байна. Цаашид судалгааны үр дүнг үндэслэн бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, эрсдэлт зан үйл, амьдралын буруу хэв маягийг өөрчлөхөд нөлөөлөх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх аж. 

Связанные новости