Ч.Энх-Отгон: Миний урласан 5 м 90 см өндөртэй морин хуурт нэг ч хадаас ороогүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Монголдоо цөөхөн байдаг мэргэжлийн морин хуур урлаачдын нэг, “Орхон аймгийн
морин хуур урлаачдын холбоо”-ны тэргүүн Ч.Энх-Отгонтой ярилцлаа. Тэрээр мэргэжлийн
хуур урлаач болохын тулд 20 жил уйгагүй хөдөлмөрлөсөн бөгөөд “Бусдын чадахгүй, түүний андахгүй” мэдрэмж,
гарын урыг өөртөө суулгаж чаджээ. Ч.Энх-Отгон 5м 90 см өндөртэй Монгол Улсын хамгийн том
хуур, 3м өндөртэй бүргэд толгойтой доомбор, соёмботой хуур зэрэг нийт 17 том
хуурыг урлаж, соёлын үнэт өвийг үр хойчдоо уламжлуулж байгаа өв тээгч юм.
- -Хуур урлах болсон түүхээсээ хуваалцаач?
- -1989
онд зах зээлийн үе рүү дөнгөж шилжих гээд өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байсан үе.
Тэр үед би барилдаж яваад хөлөө бэртээчихсэн юм. Тэгээд гэртээ байх хугацаандаа
анх удаа мод, чулуугаар оролдож эхэлсэн. Түүнээс хойш бэлэг дурсгалын хуур урлаж, суралцаж явсаар сүүлийн 20 жил
мэргэжлийн хуур урлаачаар ажиллаж байна. Мэргэжлийн морин хуур урлаачдын
уралдаанд гурван удаа оролцоод хоёрт нь айрагдаж байлаа.
- -Танд хуур урлахыг зааж сургасан багш байгаа юу?
- -Байхгүй.
Социализмын үед хүн болгон л нормын ажлаа хийгээд амьдардаг байсан үе. Энэ үед Улаанбаатар
хотод “Угсармал барилгын үйлдвэрлэлийн нэгдэл” гэж байхад тэнд таван жил сантехникийн слесарь хийж байсан. Ингээд 1989
онд барилдаж яваад бэртээд, дээрээс нь ихэнх үйлдвэрүүд хувьчлагдах нь
хувьчлагдаж, хаалгаа барих нь барьсан нь намайг энэ мэргэжилтэй минь учруулсан.
- -“Морин хуур
урлаачдын уралдаан”-д хэзээнээс оролцож
эхэлсэн бэ?
- -Анхны уралдаан 2005, 2006 оны үед болж байсан байх. Ийм уралдаан болох гэж байгаа талаар сонсоод оролцох гээд чадаагүй. Уг уралдааныг дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. Хамгийн шударга, үнэн зөв шүүлтүүрээр шүүдэг тэмцээн гэж боддог. Би 2010 онд оролцсон. Мэргэжлийн хуур урлаачид хөдөө орон нутагт байдаггүй, дандаа л хотод байдаг.
Энэ уралдаанд хөдөө орон
нутгаас ганцаараа оролцож 29 урлаачаас 16-д орж байсан. Анх удаа оролцоод
дундуур нь “давхина” гэдэг миний хувьд том амжилт байсан. Үүнээс маш их урам
авч байлаа. Дараа нь 2017 онд Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулсан
“Мэргэжлийн морин хуур урлаачдын фестиваль”-д оролцоод эхний тавд орсон. Энэ
тэмцээнд нийт 46 урлаач оролцсон байдаг.
Эхний таван байрны шүүлтүүр бол бүр их нарийн. Намайг айрагдахад зарим хүмүүс
азаар тавдугаар байрт орчихлоо гэсэн маягаар хандаж байсан. Би үүнийг хүлээн
зөвшөөрч чадаагүй. Яагаад вэ гэвэл, би хуур урлахыг гэнэт өнөөдөр сураад
оролцчихоогүй. Миний 20-иод жилийн хөдөлмөр шингэсэн. Хүмүүс хүлээн зөвшөөрөх
нь бага байсан учраас 2018 онд “даагаа нэхээд” морин хуур урлаачдын олон улсын
уралдаанд охин, хүү хоёртойгоо хамтран оролцож, багаараа 4-р байрт шалгарсан.
Охин, хүү хоёр маань миний арга барилаар хийсэн ч гэсэн өөрсдийнхөө ур
ухаанаар, яг өөрсдийн гараар хууруудаа урласан. Энэ уралдаанд нийтдээ 9 орны
хуур урлаачид оролцсон их том уралдаан болж, байраа ахиулж чадсан учраас хүмүүс
ч хүлээн зөвшөөрч эхэлсэн.
- -Тэмцээнд хүү, охинтой оролцоход ямар санагдаж байсан бэ?
- -Маш
сайхан санагдсан. Дараа нь үр хүүхдүүд маань аавтайгаа хамт оролцоод ийм амжилт
үзүүлж байсандаа гээд дурсах маш сайхан дурсамж болж үлдсэн. Миний хүү намайг 10 гаруй жил дагаж хуур хийхэд
суралцсан. Миний охин СУИС-аа төгсөөд одоо Орхон аймагтаа өөрийн бүтээлээ
туурвиж байгаа.
- -Хуур урлаачдын уралдааныг ямар журмаар шүүдэг юм бэ?
- -Тайзан
дээр уралдаанд орох гэж буй бүх хуурыг байршуулдаг. Үүнээс ямар ч хуурын мэдлэггүй үйлчилгээний ажилчид хуурыг авч дуртай газраа тавьдаг. Хуурыг тайзны
ард мэргэжлийн морин хуурч дурын сонголтоор авч тоглодог. Нэг ёсондоо хэний
хуур нь мэдэгдэхгүй, зөвхөн дуугаралтаар шүүгчид шүүдэг учраас хамгийн шударга
тэмцээн болдог. Тийм болохоор ирэх 2022 онд болох уралдаанд оролцож, амжилтаа
ахиулах, чаддаг бол түрүүлчих юмсан гэсэн хүсэл байна. Нас явах тусам чадвар
мууддаг. Юу мууддаг вэ гэхээр хуурын гадаад үзэмж, хийцэн дээр чадвар муудахаас
биш хөглөгөө, хуурын хэмжээ, стандарт шаардлагуудыг биелүүлэхэд асуудал
байхгүй. Хараа муудахад дагаад гарын ур мууддаг юм байна. Тийм учраас байнгын
хөдөлгөөнтэй эрүүл байх тал дээр анхаарч спортоор хичээллэж байна.
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ДООМБОРЫГ УРЛАЖ БАЙЛАА
- -Таныг Монголын хамгийн том хуурыг урлаж байсан гэдгээр нь
хүмүүс андахгүй? Яагаад ер нь ийм бүтээл урлах санаа төрсөн бэ?
- -Мэргэжлийн
морин хуур урлахын хажуугаар морин хууртай холбоотой бүтээл туурвих талаар
бодож ирсэн. 2006 онд Их Монгол Улс байгуулсны 800 жил, Ардын хувьсгалын 85
жил, Эрдэнэт хотын 30 жил гээд гурван их ой тохиосон. Үүнийг бэлгэдэж жилийн
өмнөөс гурван толгойтой, хамгийн том морин хуурыг хийе гэж төлөвлөөд урлаж
эхэлсэн. Эхлээд бүр 10 метр өндөр хийе гэж бодоод байшин барих гэж байгаа юм
шиг баахан мод, чулуу хашаандаа авчирч байлаа. Тэгээд сүүлдээ ямар ч боломжгүй юм байна гэж ойлгоод хуураа 7м, 5м
сүүлдээ багасгасаар байгаад 3м 30см хэмжээтэй болгосон. Зүгээр нэг том хуур
байвал зохимжгүй, бүтээл гэдэг үүднээс дээр нь утга агуулгатай сийлбэр байвал
зүгээр гэж бодож, эзэнт гүрний түүх соёлыг шингээн Эзэн Богд Чингис хааны
хөргийг алтан нарны голд байршуулж, есөн хөлт тугийг хажууд нь, доор нь есөн
хүлэг баатрыг, баруун гар талд Алунгуа эх таван хүүтэйгээ, зүүн гар талд найман
шаргыг, мөрөн дээр нь найман тахил хийж, ишнээс доошоо луу унжуулж, ишин дээр
12 жил, хоёр чихийг нь очроор дүрслэн
бүтээсэн. Эрдэнэт хотын 30 жилийн ойг том хуураар “Халуун элгэн нутаг”-ийг
эгшиглүүлэн нээж байлаа. Олон газраас худалдан авах санал ирсэн хэдий ч соёлын
өв учраас Эрдэнэтдээ үлдээхээр шийдэж, одоо Орхон аймгийн Музейд хадгалагдаж
байгаа. Яагаад лууг доош унжуулж хийсэн
бэ гэхээр морин хуурч Ц.Батчулуун гуай луу бол Монголын юм биш. Орчин цагт лууг
ишнээс дээш ороолгон дүрсэлж байгаа нь хятадууд морин хуур бол манай өмч гэсэн
үүднээс хандаж буй хэрэг гэж хэлж байлаа. Залуучууд үзэмжийг нь бодоод лууг
бадан дээр нь их хийлгэдэг. Түүнээс хойш
тэнгэрийн амьтан бол хангарди юм байна гэж бодоод дүрслэх болсон.
- -Том хуураас гадна өөр онцгой бүтээл урласан уу?
- -“Том
хуур” бүтээл төрснөөс хойш, хуур урлаачаар танигдах болсон. Вашингтонд төвтэй
“Дэлхийн Энх тайвны нийгэмлэг”-ийн хятад, япон, солонгос ажилчдыг дагуулж нэг хүн ирж байлаа. Тэр ямар
учиртай вэ гэхээр “Дэлхийн Энх тайвны нийгэмлэг”-ийн ерөнхийлөгчид зориулан жил болгон нэг тивээс
нэг улсыг сонгон авч, түүнд соёлын өв бүтээлийг нь бэлэглэдэг юм билээ. Тэр
бэлгийг “Дэлхийн Энх тайвны нийгэмлэг”-ийн дэргэдэх музейд байршуулдаг гэсэн.
Тэр жил музейд тавих бэлгийг Азиас, тэр дундаа Монголоос сонгохоор болж морин
хуурыг бэлэглэхээр тогтсон байдаг. Энгийн морин хуурыг музейд тавибал сонирхох хүн бага, харин сийлбэртэй
том хуурыг байршуулвал илүү олон хүний сонирхлыг татна гэж үзээд “Монголын
хамгийн том морин хуур”-ыг урласан урлаачийг хайж эхэлсэн байгаа юм. Хайсаар
байгаад хугацаа алдаад, надтай уулзахад тэдэнд ердөө 21 хоног үлдсэн байсан.
Надад бэлэн материал нь байсан учраас амжуулна гэж үзээд урлаж эхэлсэн. Гол
шалгуур нь үндэсний өв, уламжлалыг шингээхээс гадна онгоцоор тээвэрлэх учир эвхэгддэг
байх ёстой байв. Энгийн морин хуур биш, том хуур байсан учраас хотоос хоёр
урлаач залууг урьж авчраад, хамт хийлцэж 19 дэх хоног дээр нь дуусгаж байлаа.
2м 50см өндөртэй хуураа угсраад НҮБ-ын
суурин төлөөлөгч эмэгтэйд хүлээлгэж өгөхөд их ам сайтай хүлээж авч байсан. Тэр
бас их онцлог хуур болсон.
Монгол Улсын хоёр
дахь чавхдаст хөгжим болох доомбор хөгжмийг Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойд
зориулан хийсэн. Тус хөгжмийг анх удаа чоно авлаж байгаа бүргэд толгойтой
хийснээрээ онцлог. Яагаад тэгж дүрсэлсэн бэ гэвэл казах үндэстэн чоно барьсан
бүргэдийг тэнгэрт нь тавьдаг учраас түүнийг бэлгэдэж хийсэн. Баян-Өлгий аймгийн
70 жилийн ойд зориулан хийсэн хэдий ч тодорхой шалтгааны улмаас тухайн цаг
үедээ залж чадаагүй. Ингэж явсаар нэг өдөр казах залуу манай урлангаар ирж
үйлчлүүлэхдээ тэр доомборыг харж, аавынхаа алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор
худалдан авсан. Тэр залуу Монголын хамгийн том 3 метр өндөр доомборыг аавынхаа
нэрэмжит болгон Баян-Өлгий аймагт хүндэтгэлтэйгээр залж, музейдээ тавьсан байсан.
Мөн Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулсан, миний тав дахь том хуур 5м 90 см
өндөртэй хамгийн том хуур болсон. Үүнийг одоо Тусгаар тогтнолын ордны үүдэн
хойморт залсан байдаг.
- -Том хуурыг урласны дараа Гиннесийн номд бүртгүүлэх
тухай яригдаж байсан. Та бүртгүүлж чадсан уу?
- -Гиннест
бүртгүүлэх санаа байсан боловч бүртгэлийн хураамж тухайн үед хэд ч билээ, ямар
ч байсан миний дийлэхгүй их мөнгө хэрэг болсон. Хүмүүстэй хамт хөөцөлдөөд явсан
боловч бүтэх шинжгүй байсан. Тэгж явсаар зарагдаж, Тусгаар тогтнолын ордонд
залагдсан даа.
- -Таны хуур урлах арга барилын хувьд бусдаас ялгарах
онцлог, давуу тал нь юу вэ?
- -Мэргэжлийн хуур хөгжмийг урлах онцлог гэвэл миний хуур ганцхан дотор талаасаа хөглөгддөг. Бусад хуурууд гадна, дотно аль ч талаасаа хөглөгддөг. Анх өөрийнхөө хуурыг аваад очиход хүмүүс “Энэ бараг дуугарах юмуу даа” гэж хэлж байсан. Энэ бол хэнээс ч хуулаагүй, сураагүй ганцхан миний чадах авьяас гэж боддог.
-
-Таны урласан мэргэжлийн морин хуурууд бусад хуураас
юугаараа ялгардаг вэ?
- -Үйлдвэр
бол өөр. Нэг хүн хайрцаг зангидна, нэг хүн ишийг нь бэлдэнэ, нэг хүн толгойг нь
залгана гээд шат дараатай явж байгаад сүүлд нь угсардаг. Энэ бол нэг хүний
сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн биш. Нэг хүний сэтгэл шингэсэн, тэр хүнийг
илэрхийлэх хуур шал өөр байдаг. Би өөрөө
хүн дагаж суралцаагүй. Морин хуур урлах гээд олон судалгаа хийсэн. Судалгааг
хийхдээ ганц морин хуур биш, хийл, морин хийл зэрэг модоор бүтдэг сонгодог хөгжмүүдийг
ч судалсан. Судалж эхлэх явцад “Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ-т Германаас модны мэргэжилтэн ирж, тухайн үеийн Худалдаа аж
үйлдэрийн танхимын дарга н.Сарандаваа надад сургалтад хамрагдах санал
тавьсан. Би тэр сургалтад уухайн тас
гүйж очоод суусан. Тэр сургалтаас л модтой харьцах ойлголт, зарчмуудыг өөртөө суулгасан.
- -Эртний хуурууд дандаа морины
толгойгоор ч юм уу, эсвэл арьсан цартай хийсэн байдаг. Түүхэндээ хэзээнээс
царыг нь модоор хийж эхэлсэн байдаг юм бол?
- -Социализмын
үед ерөнхийдөө морин хуур хөгжим бэлгэдлийн төдий болчихсон байсан. Тэр үед
морин хуурыг хөгжүүлэх, таниулах оролдлогуудыг Ягдай, Бууран, Жүгдэр
мастер зэрэг хүмүүс хийж, ихэвчлэн арьсан цартай урладаг байсан. Морин хуурыг
таниулах, сурталчлах зорилгоор өөр улс оронд аялан тоглолтоор явахад тухайн
бүс, нутгийн онцлогоос шалтгаалж арьсан цар чийг даахаараа дугарахгүй болчихдог
сул талтай байж. Үүнийг ажигласан хуурчид модон цартай хуур хийх санаачилгыг
гаргасан боловч үндэсний өв уламжлалыг үгүйсгэлээ гэх мэтээр шүүмжлэлд өртөж
байжээ. Ингээд хийлийн их мастер Оросын мэргэжилтэн Дэнис Яровой гэж хүн
хөгжмийн үйлдвэрт ирж, морин хуурыг модон цартай болгох талаар зөвлөмж өгснөөр
засаг төр нь хүлээн зөвшөөрсөн байдаг.
- -Морин хуурыг урласан урлаачаас гадна, хийж байгаа модны
төрлөөс хамаараад дуугаралт нь өөр өөр байх шиг байдаг. Таны хувьд ямар модоор түлхүү урладаг вэ?
- -Морин
хуур хөгжимд хамгийн тохиромжтой мод бол нарс байдаг. Гацуураар морин хуур хийж болно. Гэхдээ
гацуураар сонгодог зохиол тоглодог хуурыг хийхэд зохимжтой. Нарсыг ардын талын зохиол тоглодог хуур хийхэд
зохимжтой байдаг. Модыг сонгохдоо уулын оройгоос авахгүй, дунд талаас нь, уулын ар талаас авахгүй, энгэр талаас нь авах
хэрэгтэй. Модны цагаригласан байдлаар
шалтгаалж аль хэсгээр нь юу юу хийх вэ гэдэг нь өөр өөр байдаг. Нэг тайрдас аваад
бүх эд ангийг хийнэ гэвэл тэр болохгүй. Хусыг гэхэд л таван жил нар салхи үзүүлэхгүй
хатаах хэрэгтэй, шууд хатаалганд хийж болохгүй онцлогтой. Мод тус бүрийг өөр
өөрсдийн онцлогт тохируулаад мэргэжлийн хуурт, сургалтын хуурт, өндөр
түвшний мастер хуурт зэргээр ангилан бэлддэг. Нэг хуур хийхэд орж буй материал нь өөр өөр, зориулалт
ч өөр байдаг. Чавхдасыг нийлэг утсаар хийдэг ч морины сүүлээр ч хийж болно. Сүүлийг авахдаа
гүү арагшаа шээж сүүлээ түлдэг учраас авч болохгүй. Морины сүүл олон жил
болсон, дотроо эрчилчихсэн байвал түүний дотор эрүүл сайхан сүүл байдаг. Түүгээр
хийсэн чавхдас маш сайхан, цэвэр
дуугардаг. Арьсан цартай хуурт сүүлэн чавхдас их тохиромжтой гэх мэт морин
хуур урлахад анхаарах зүйл их бий. Би мэргэжлийн, хөгжмийн сургууль төгсөөгүй ч
хийж буй бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Надад нэг тийм хуур урлах,
хөгжмийг мэдрэх нарийн мэдрэмж суучихсан байдаг.
- -Ер нь манай монгол, өвөрмонгол хуурт ялгаа бий юу?
- -Өөр,
тэс өөр. Морин хуур урлаачдын уралдаанд Өвөрмонгол урлаачид ирж оролцох нь
элбэг байдаг. 2018 онд гэхэд Өвөрмонголоос 13 хуур урлаач ирж оролцож байсан.
Тэдний хуурыг гаднаас нь харахад могойн мод зэрэг бид нарт олдохгүй маш ховор
модуудаар бүтээлээ гайхамшигтай урласан байдаг. Гэтэл дуугаралтыг нь шалгаж
үзэхэд хагас финалд тэдний нэг нь ч шалгарч үлдэж чаддаггүй. Нэгдүгээрт, монгол хуур урлаачийн арга барил
өөр, хоёрдугаарт монгол цаг агаарт хийсэн хуурын дуугаралт өөр байх шиг
санагддаг. Ямар ч монгол хүн морин хуурын эгшиг сонсоод сэтгэл огшдог.
- -Та үйлчүүлэгчдээсээ магтаал, зэмлэлийн алийг илүү сонсдог
вэ? Тод үлдсэн дурсамж байдаг уу?
-Нэгэн морин хуурч манай урлангаар орж ирж байлаа.
Жаахан халамцуу, чамайг урлаач гэж сонслоо, чи энэ хуурыг засч чадах уу? Миний
хөгжим нэг л биш болчихлоо гээд ирж байсан. Тэгээд хөгжмийг нь аваад харсан.
Хуурын талаар хүний мэдэхгүй, миний мэддэг нэг юм байдаг л даа. Тоглооч
хүн өөр, урлаач хүн өөр. Тоглооч хэдий хөгжим тоглож байгаа ч,
хөгжим ямар байх ёстойг мэдэхгүй байх тохиолдол байдаг. Тэр хуурын хувьд анх
хийхдээ гаргасан алдааг би ердөө 10 минутад зассан. Тэгээд засварын хөлсөө
хэлэхэд “Иймхэн юм хийчихээд их хөлс нэхлээ” гээд 5000 төгрөг өгч билээ. Тухайн
үед та миний 20 жилийн хөдөлмөрийг үнэлж чадахгүй байхад, би танаас хөлс
авахгүй гээд явуулж байсан. Түүнээс хойш өвөл өнгөрөөд хавар болж байсан. Нэг
өдөр утас дуугараад “Миний хуур хэзээ ч ингэж дуугарч байгаагүй. Дуугарах
болгонд миний яс хавталзаад таны утсыг хайсаар байж оллоо” гээд надад засварын
хөлсийг маань хоёр дахин нугалаад өгч байсан. Тэр хүн хөдөлмөрийг минь үнэлсэн
хэрэг. Тэр аргыг би хүнээс хуулж аваад юмуу номоос харж сураагүй. Хорин жил
уйгагүй хөдөлмөрлөж байж олж авсан.
- -Ярилцсанд баярлалаа.