Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар шинэ даргаа чамлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-02-04 18:24:51

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар өнгөрсөн дөрвөн жилд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Доржготов ажилласан. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр аймгийн Засаг дарга ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга О.Одбаярыг томилохоор болсон.

Гэтэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдын төлөөлөл болсон 40-өөд хүн энэ сарын 2-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын зааланд очиж, улмаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эмч нарын хувьд “Ажлын дадлага туршлагатай, олон жил эрүүл мэндийн салбарт ажилласан хүнийг Нэгдсэн эмнэлэг дотроосоо даргаар томилмоор байна. Цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед залуу хүнээр эрүүл мэндийн байгууллагыг удирдуулах гэж байгаатай санал нийлэхгүй байна” гэсэн асуудлыг хөндөж тавьсан юм. Тэгэхдээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдын гарын үсэг бүхий эсэргүүцлийн бичгийг аймгийн Засаг даргад өгчээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ч.Чимэд хэлэхдээ: “Хэн нэгэн хүнийг мэдлэг туршлагагүй гэдгийг бид шүүхгүй, мэргэжлийн байгууллага нь тогтооно. Одоогоор Одбаяр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдож очоод нэг цаг, нэг минут ч ажиллаагүй байгаа болохоор түүнийг сайн, муу ажилласан гэдгийг дүгнэх ямар ч боломжгүй байна” гэсэн юм.

Дэлхий нийтийг цочроосон коронавирусний халдвар Монгол улсад тархаж, улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоочихсон байгаа энэ хүнд цаг үед Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар ийнхүү нэг дор олноороо цуглан, ажлын байраа 2-3 цаг сул орхичихоод сандал суудал булаацалдан улс төр хийж яваа нь харамсалтай байгаа юм.

Энэхүү уулзалт болсны маргааш нь буюу энэ сарын 3-ны өдрийн үдээс хойш нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Одбаярыг томилсон байна. Түүний хувьд энэ их эсэргүүцэлтэй үед аймгийн Нэгдсэн эмнэлгийг зангидсан гар шиг нэгэн зүгт чиглүүлж ажиллахад их л бэрхшээл учрах байх даа. 

Связанные новости