Шар усны үер буух эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн зун хур бороо элбэг орсон нь цаг
агаар дулаарахтай зэрэгцэн Улаангом сумын нутаг дэвсгэрт шар усны үер буух эрсдэл өндөр байна. Тодруулбал, Чандмань улаан уулаас Улаантолгой
хүртэлх даланг давж ус орсныг үнс, шороо буулгах зэргээр мэргэжлийн
байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
“Шар усны үерээс хамгаалах ажил 1-р сарын 15-наас эхэлсэн
бөгөөд Улаангом сумын ЗДТГ, “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-ын ажилчид,
дүйцүүлэх цэргийн албан хаагчид гэх мэт 20 гаруй хүн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах далангийн доод талаар ус
нэвтрэх эрсдэлтэй байгаа тул айл өрхүүдийн хамтаар урьдчилан
сэргийлэх арга хэмжээг авч, 14 машин шороо буулгасан. Цаашид цаг агаар дулаарахаар
шар усны үерийн эрсдэл бүхий газруудад хамгаалалтын арга хэмжээг яаралтай авах,
урьдчилан сэргийлэх, давагдашгүй нөхцөл байдлыг урьдаас тооцоолох шаардлага
байгаа тул Улаангом сумын ЗДТГ-аас аймгийн ОБГ-т албан тоот, аймгийн ЗДТГ-т хүсэлт
гаргаад байна” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.