Төрийн албаны ерөнхий шалгалтад 386 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-03-04 13:14:48

Төв /МОНЦАМЭ/. Төрийн албаны Ерөнхий шалгалтыг Төв аймагт зохион байгуулах салбар комисс, дэд ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болж хоёр асуудлыг хэлэлцлээ.

Энэ удаагийн шалгалт 3 дугаар сарын 12-ны өдрөөс улс даяар нэгэн зэрэг эхлэх аж. Уг хуралдаанаар Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар тогтоол, Ерөнхий шалгалтын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах ажил үүргийн хуваарийг нэг бүрчлэн танилцуулж салбар комисс, 4 дэд ажлын хэсгийн гишүүдийг үүрэгжүүлэв. Энэ удаагийн шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэгт нийт 25 албан хаагч ажиллах юм.

Төв аймагт болох Ерөнхий шалгалтад 386 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтын хуваарь албан ёсоор гарсны дараа оролцогч тус бүртэй утсаар холбогдон шаардлагатай мэдээллийг өгнө.

Шалгалтад орох иргэдийн анхааралд:

1. Ерөнхий шалгалт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. /Зүүн талын хаалгаар орох/

2. Оролцогч шалгалтад орох хуваарьт цагаас 20-оос доошгүй минутын өмнө ирсэн байна. Хоцорсон тохиолдолд нөхөж оруулах боломжгүй.

3. Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсаа авч ирнэ.

4. Ариутгал халдваргүйтлийн дэглэмийг сахиж, амны хаалт зүүсэн байна.

5. QR код уншуулахын тулд гар утсандаа e-barimt app татаж суулгасан байна.

6. Эрсдэлтэй бүсээс ирэх бол PCR шинжилгээ өгнө. /Хүчинтэй хугацааг хянана/.

Шалгалтад орохын өмнө Чиглүүлэгчийн зааварчилгааны дагуу дараах үйлдлийг хийнэ. Үүнд:

- QR кодоо уншуулна

- Гараа ариутгана.

- Халуунаа хэмжүүлнэ. /Хаанаасаа ирснээ үнэн зөв мэдүүлнэ/

- Гадуур хувцсаа уутанд хийнэ.

- Хурууны хээгээ уншуулна.

- Мэдээлэл тохирсон бол тогтоосон цэгт зогсоно.

Шалгалтын явцад дараах зүйлийг анхаарна.

- Бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх.

- Техник хэрэгслийг тогтоосон байрнаас хөдөлгөхгүй байх

- Шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлсийг авч орохгүй байх.

- Шалгалтын хугацаагаа хянаж, цагаа оновчтой хуваарилах.

- Сүлжээний болон техникийн доголдол гарсан тохиолдолд гараа өргөж ажлын хэсэгт мэдэгдэх.

Шалгалтын төгсгөлд бусдад саад учруулахгүйгээр гадуур хувцсаа авч танхимын урд хаалгаар гарна.

  

Связанные новости