АНУ-д 100 сая тун вакцин тарих зорилт хугацаанаасаа өмнө биелнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /ABC/.
АНУ-ын засаг захиргаа “COVID-19”-ийн 100 сая тун вакциныг 100 хоногт хийх
зорилтдоо баасан гарагт хүрэх төлөвтэй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо
Байден пүрэв гарагт мэдэгдлээ.
“Манай засаг
захиргаа бүрэн эрхийнхээ хугацааг эхэлснээс хойших эхний 58 хоногт буюу
урьдчилан төлөвлөснөөс олон долоо хоногийн өмнө 100 сая тун вакцин тарих амлалтаа
биелүүлэх төлөвтэй байна” гэж Ж.Байден мэдэгджээ.
АНУ-ын Өвчинд
хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, Хүнс, эмийн хяналтын
газар “COVID-19”-ийн эхний
вакцинд 2020 оны 12 дугаар сард зөвшөөрөл олгосноос хойш 115 сая тун вакциныг тарьжээ.
Түүнээс 16.5 сая орчим тунг нь Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг
захиргааны үед тарьсан байна.
Мөн Ж.Байдены
мэдээлснээр, АНУ-д 65 болон түүнээс дээш насны иргэдийн 65 хувь нь “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол
36 хувийг нь бүрэн вакцинжуулжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө, мөн АНУ-д ямар ч вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөгүй байх үед 100 хоногт 100 сая тун вакциныг тарих амлалтыг өгчээ.