Энэтхэгт халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /CNN/.
Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд
коронавирусний халдварын 46951 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн оны 11 дүгээр
сарын 12-ноос хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус
улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Энэтхэгт халдварын
шинэ тохиолдлын тоо сүүлийн зургаа хоног дараалан өсөж буй нь энэ бөгөөд
өнгөрсөн долоо хоногт 260 мянга гаруй хүнээс халдвар илэрчээ. Тус улсад цар
тахал дэгдсэнээс хойш 11 646 081 хүн халдвар авч, 160 мянга орчим хүн нас
барсан байна.
Энэтхэгт 2021 оны
эхнээс халдварын шинэ тохиолдлын тоо буурч, өдөрт 20 мянга гаруйд хүрчээ. Энэ
нь өнгөрсөн оны есдүгээр сард 90 мянга давж байсантай харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт юм.
Гэвч сүүлийн
хэдэн долоо хоногт халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэж, Махараштра, Керала, Пунжаб, Карнатака,
Гужарат, Тамильнад зэрэг мужуудад халдварын үзүүлэлтүүд ихээхэн өсөх болжээ.
Энэтхэгт “COVID-19”-ийн вакцинжуулалтыг нэгдүгээр сарын
16-нд эхлүүлснээс хойш 45 065 998 тун вакциныг тарьсан гэж тус улсын Эрүүл
мэндийн яам мэдээлсэн байна.