“COVID-19”-ийн вакцинжуулалтад хүүхдүүдийг хэзээнээс хамруулах вэ?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтад 44 сая гаруй хүн бүрэн хамрагдаад байгаа энэ үед хүүхдүүдэд хэзээнээс вакцин хийж эхлэх нь олны анхаарлыг татаж байна.
АНУ-д одоогоор зөвшөөрөл олгоод буй вакцинууд нь бүгд насанд хүрэгчдэд хийх заалттай бол “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст тарьж байгаа юм.
Хэдийгээр дунд, ахлах сургуулийн насны хүүхдүүдэд энэ намар гэхэд вакцин хийж эхэлж магадгүй байгаа боловч бага насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахад олон сарын хугацаа шаардагдах төлөвтэй байна.
АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга, доктор Энтони Фаучигийн мэдээлснээр, бага насны хүүхдүүдэд 2022 оны эхний улирлаас вакцин хийж эхэлж магадгүй байгаа ажээ.
Эмийн компаниудын хувьд вакцинынхаа туршилтыг үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, “Moderna” 6 сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулах туршилтынхаа хүрээнд өнгөрсөн долоо хоногт эхний хүүхдүүдийг вакцинжуулжээ.
“Moderna”-гийн вакциныг бага насны хүүхдүүдэд хийх туршилтын дүн 11, 12 дугаар сараас гарах төлөвтэй байна гэж “Vanderbilt” их сургуулийн вакцины судалгааны хөтөлбөрийн ахлах, доктор Бадди Крич мэдээлсэн байна.
Мөн “Pfizer/BioNTech”, “Moderna” компанийн аль аль нь 12-оос доош насны хүүхдүүдэд вакцинаа туршиж байгаа юм. Судлаачид 12-оос дээш насны хүүхдүүдийг хамруулж буй туршилтын дүн ирэх намар гэхэд бэлэн болно гэдэгт итгэлтэй байгаа бол эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдийг 7, 8 дугаар сараас вакцинжуулж эхэлж магадгүй гэж үзэж байгаа ажээ.
Үүний зэрэгцээ “Johnson & Johnson” компани 12-18 насны хүүхдүүдийг хамруулах туршилтаа эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байгаа юм. “Манай компанийн вакциныг 18-аас доош насны хүүхдүүдэд есдүгээр сар гэхэд тарих боломжтой болох төлөвтэй байна” гэж “J&J” компанийн гүйцэтгэх захирал Алекс Горский энэ сард мэдэгджээ.
Оксфордын их сургуулийн хувьд “AstraZeneca”-гийн вакциныг хоёрдугаар сараас 6-17 насны хүүхдүүдэд туршиж эхэлжээ. Мөн “Novavax” компани хүүхдүүдийг хамруулах туршилтаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Эмийн компаниуд вакцинаа хүүхдүүдэд аюулгүй, үр дүнтэй гэдгийг нотлох хангалттай мэдээллийг цуглуулсныхаа дараа АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраар үнэлгээ хийлгэх юм.