Франц ковидын хямралтай тэмцэхэд Энэтхэгт тусална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /AFP/. Франц улс коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт хэдэн зуун мянган шинэ тохиолдол илэрч буй Энэтхэгт тусламж үзүүлэх хүмүүнлэгийн ажиллагаа явуулна гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Хүмүүнлэгийн ажиллагааг Францын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ харьяа Хямралын төв зохицуулах бөгөөд эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх тоног төхөөрөмж, эмнэлгийн бусад бүтээгдэхүүн зэрэг хүмүүнлэгийн ачааг долоо хоногийн сүүлчээр Энэтхэг рүү агаарын болон далайн тээврээр илгээнэ.
Энэ бол цар тахлын гамшигт нэрвэгдсэн Энэтхэгийн ард түмнийг дэмжиж, сэтгэл санаагаар хамт байгаагаа илэрхийлж буй хүмүүнлэгийн онцгой ажиллагаа юм гэж Францын ГХЯ онцолжээ.
Энэтхэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Францын хэд хэдэн томоохон компани, банкууд нэгдсэн байна. Тусламжийг мөн Европын Холбооны Иргэний хамгааллын механизмаар дамжуулан олгох аж.
Энэтхэгт өдөрт 300 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нас барсан иргэдээ гудамжинд шатаахад хүрээд байгаа билээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй болсноос Засгийн газраас цэргүүдийг дайчлан ажиллуулж эхэлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди цар тахалтай тэмццэж буй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад цэргүүдийг дайчилж, армийн нөөцөд буй хүчилтөрөгчийг нийлүүлэхийг Батлан хамгаалахын сайддаа үүрэг болгожээ.
Энэтхэгт тусламж үзүүлэхээ мөн ЕХ, АНУ мэдэгдсэн билээ.