ОХУ, Бахрейн сансрын салбарт харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын тухай санамж бичигт ОХУ-ын төрийн өмчит “Роскосмос” корпорац болон Бахрейн Үндэсний сансрын шинжлэх ухааны агентлаг гарын үсэг зуржээ.
Хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд гарсныг “Роскосмос”-н Ерөнхий захирал Дмитрий Рогозин цохон тэмдэглэв.
“Харилцан ойлголцлын тухай санамж бичиг байгуулснаар сансрын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зам тавигдаж байна. Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэнээс хойш 60 жилийн дараа ч сансар огторгуй нь хүн төрөлхтний шинжлэх ухаан, техникийн хөгжлийн тэргүүнд байж, олны анхаарлыг татсаар байна. Санамж бичигт гарын үсэг зурсан нь ОХУ, Бахрейн эдийн засаг, нийгмийн хөгжилд нийцүүлж дээр дурдагдсан салбарт төсөл хөтөлбөрүүдийг хамтран хөгжүүлэхэд бэлэн буйг нотлон харуулж байна” хэмээн Рогозин мэдэгдсэн байна.
Харин Бахрейны Тээвэр, харилцаа холбооны сайд Камаль бен Ахмед Мухаммед мэдэгдэхдээ, энэхүү баримт бичигт нь сансрын салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болох бөгөөд үүнд үйл ажиллагааны харилцан сонирхсон чиглэлүүдийг тусгасан гэв. “Роскосмос” нь дэлхийд тэргүүлэх сансар судлалын байгууллагуудын нэг учир энэхүү санамж бичиг нь Бахрейн Үндэсний сансрын шинжлэх ухааны агентлагийн урт хугацааны зорилт, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх сайхан боломж болно гэж үзэж байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.