Сагсан бөмбөгчид эхний өдөр 2 хожилтой хэсгээ тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-27 07:32:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Австри улсын Грац хотноо болох “Токио-2020” олимпын эрх олгох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн эхний өдөр манай эрэгтэй баг тамирчид Польш, Туркийн шигшээг хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ.

 

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг энэ сарын 26-30-нд үргэлжлэх тус тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай өрсөлдөхөөр оноолт таарсан.

 

Тоглолтын хуваарийн дагуу 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цаг 30 минутаас Монгол Улсын үндэсний шигшээ баг, Польшийн багтай гарааны тоглолтоо хийж 22:18 гэсэн оноогоор эхний ялалтаа байгуулсан юм.


 

Харин шөнийн 03.35 цагаас Монголын шигшээ баг Туркийн багтай  тоглож 21:13-аар хожиж, манай баг 2 хожилтой хэсгээ тэргүүлж эхэллээ.


Монголын баг өнөөдөр буюу 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цаг 30 минутаас Чех, 03.35 цагаас Бразил улсын /05.29/ шигшээтэй тус тус халз тоглох юм.


 

Ийнхүү “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээний эхний өдөр Монголын эрэгтэй шигшээ баг 2 хожил байгуулж, 43 оноотой А хэсгээ тэргүүлж байна

 

Энэхүү тэмцээнийг MNBA SPORTS суваг шууд дамжуулж байна.





Связанные новости