Буриадад дотоодын аяллыг хэсэгчлэн нээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 87 тохиолдол батлагдлаа. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 52 хүн халдвар аваад байна. Эдгэрч эмнэлгээс 69 хүн гарсан бол, коронавируст халдвараар 2 хүн нас баржээ.
Хэдийгээр тус улсад "COVID-19"-ийн халдвар буураагүй байгаа ч дотоодын аялал жуулчлалыг нээж, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн зусланг ажиллуулж эхэлжээ. Аялал жуулчлалын газрууд дотооддоо жуулчин авч байгаа боловч халдварын тохиолдол нэмэгдэхээс сэргийлж 7 хоногт 200 хүн аялахаар зохицуулж, хэсэгчлэн нээж байна.
Буриад улсад бүх үйлчилгээг нээж, сургууль, цэцэрлэг, албан байгууллага хэвийн ажиллаж байна. Автобус, трамвай зэрэг нийтийн тээвэрт болон кинотеатр, номын сан, хоолны газраар үйлчлүүлэхдээ нэг ширээнд 2-оос илүү хүн суухыг хориглон халдвар хамгааллын дэглэмийг барьж байгаа ч гэр бүлээрээ үйлчлүүлэхийг зөвшөөрч байна. Гудамж, талбай гадуур амны хаалтгүй явбал торгох арга хэмжээг авч байна.